Туркийн монголч эрдэмтэн Левент Каяа: Чингис хаан бол хүн болгонд хүн гэдгийг нь дахин сануулсан

Record.mn сайтаас бэлтгэж хүргэж байгаа Монгол хэлээр дэлхийд ярья уриатай "Монголоор хөөрөлдье" подкастын ээлжит дугаарт Туркийн монголч эрдэмтэн Левент Каяаг урилаа. 

Туркийн монголч эрдэмтэн Левент Каяа:

-Миний бодлоор дэлхийн түүхийн 2 том 2 агуу хүн байдгийн нэг нь Чингис хаан. Зарим багш нар надаас тусламжаас асууна " манай сургуулийн энэ хүүхдүүд монгол хэл мэдэхгүй багш аа" гээд.  Аав, ээж нь монгол атлаа хүүхдүүд нь монгол хэлээ мэдэхгүй байгаа нь үнэхээр харамсалтай.

Монгол хэл үнэхээр маш хүчтэй үгийн сангаараа маш баялаг олон жилийн уламжлалаараа маш хүчтэй...

Сэтгүүлч: Энэ удаагийн дугаарын зочин бол алс холын Турк Улсаас хүрэлцэн ирж Монгол Улсад монгол хэлийг маань судалж байгаа докторантын ангийн оюутан. Монголын нууц товчоог анх удаа монгол хэлнээс турк хэлэнд орчуулж гаргасан Левент Каяа юм аа. Та танилцуулаад Монгол гэдэг улстай хэрхэн яаж танилцсан тухайгаа бидэнтэй хуваалцаач?

Левент Каяа: Өө тэгвэл жаахан урт удаан ярих юм байна. Манай сонсогчид бас үзэж байгаа үзэгчдэдээ бас хандаж тааралдсан өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг Левент Каяа гэдэг. Би одоо МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхимын докторант оюутан. 

Дипломын ажлаа бараг бичсэн.  Арай хамгаалах болоогүй байна.  Сургуультайгаа хийсэн гэрээний дагуу 2028 он дуустал хугацаа байна. Явмааргүй байгаа учраас хамгаалахгүй хойшлуулаад байна.

Монголтой яаж танилцсан бэ гэхээр би ахлах сургууль төгсгөн байсан юм уу даа, Зүүн хойд Азийн түүх соёл  угсаатны зүй, ардын судлалтай холбоотой ном олоод уншсан. Дараа нь манай улсаас эхлээд дэлхийн талтай холбоотой Өрнөдөд бичсэн олон номыг олоод уншаад Монголд очих хүсэл төрсөн.

Гэхдээ миний ахлах сургуулийн үед арай зөвлөл задраагүй үе. Тэр үеэр Монголд ирэх гэдэг ийм мөрөөдөл биш ч  маш хэцүү. Дипломат аргаар ирвэл илүү боломжтой.

Тэр үеэс манай найзууд бүгдээрээ нэг өдөр Монголд очих завшаан олдох болов уу гэж бид хоорондоо ярьж байсан. Оросын Сибирь нутгийг үзэх сонирхол байсан. 

Тэгээд бүх юм өөрчлөгдөөд би 1997 оны зун Монголд А.Транскобик гэж нэг оффроуд уралдаан болсон. Магадгүй тухайн үед Монгол Улс дэлхийн тайзанд хамгийн хүчтэй гарсан анхны явдал байсан байх. Дэлхийн орон болгоноос сэтгүүлчид Монголд ирээд тэр уралдааныг үзсэн тухай мэдээ бичиж байсан. Би тэдний мэдээг уншаад заавал Монголд очих ёстой гэж шийдсэн.

Дараагийн 7 жил аав ээжийгээ ятгах гэж хичээгээд аав ээж ерөөсөө үгүй, чи хүүхдийн мөрөөдлөөрөө ярьж байна аа, боль боль, жаахан жинхэнэ юм бод, газар дээр гишгэ гээд намайг загнаж байсан.

Гэхдээ би 7 жил аав ээжийгээ ятгах гэж хичээж хичээж байж эцэст нь интернэтээс  Монголиа Юниверсти гэж бичээд хайраар МУИС-ийн хуудас гарч ирж байлаа. Тийшээ орж, бүртгэлээ явуулаад оюутны урилгаар энд ирээд анхны жилдээ бэлтгэл ангид Монгол хэл сурч байлаа. Энд ирэхээс өмнө Монгол хэлний талаар юу ч мэдэхгүй байлаа.

Сэтгүүлч: Тухайн үед Монгол руу явах хэцүү байсан гэж та ярьж байна шүү дээ?

Левент Каяа: Тийм ээ. Хоёр туйлтай дэлхий гэж... нэг нь Нато, наана нь нэг Варшовагийн Пакт гэж. Тэгээд Зөвлөлтийн тал нөгөөх нь хуулийн тал. Манай төр Натогийн талд байгаа болохоор Зөвлөлтийн талд очиход тэр үеэр хэцүү байсан юм. 

Харин Зөвлөлт улс бутарсны дараа бүх зам нээгдээд, бүх юм амархан болсон. Одоо хүн болгон дэлхийн бараг өнцөг булан руу айлчлахад ямар нэгэн асуудал байхгүй сайхан боллоо.

Сэтгүүлч: Монголд монгол хэл анх сураагүй ирж байсан гэж байна.  Монгол, турк хэлний ер нь төстэй тал юу вэ. Анх монгол хэл сурч байхад  хэцүү талууд нь юу байсан бэ?

Левент Каяа: Анх  "Сайн байна уу, миний нэр... байна" гэдгийг ч би зөв аялгаар хэлж чаддаггүй байсан. Монгол хэл сурмаар байвал заавал Монголд ирэх хэрэгтэй.

Харин англи хэлийг дэлхийн хаана ч сурсан бараг ялгаагүй. Яагаад гэвэл маш түгээмэл. Одоо Станбулд 40-50 мянга орчим монголчууд байгаа. Тэдэнтэй хамтраад, сураад яриад байх боломж сүүлийн хэдэн  жилийн үед үүссэн. 

Сэтгүүлч: Манай подкастын уриа "монгол хэлээр дэлхийд ярья" гэдэг уриа л даа. Эх хэлээ бид нар дэлхийд сурталчлах зорилготой.

Левент Каяа: Зөв санаа байна. Би бас нэмэр оруулж чадвал маш их баяртай байх болно. Ер нь Туркт монгол хэлийг суръя гэсэн олон хүмүүс байдаг. Залуучууд намайг интернэт дээрээс олоод, таны ном байна уу гээд мессеж явуулдаг.

Туркт одоо хамгийн азтай тал нь Измерийн Кетад Чили би гэж их сургуульд А.Аззаяа багш монгол хэл зааж байгаа. Тэр сурургуульд ойрхон байвал очоод хичээл сонирхоод сурах боломжтой. Бидний залуу үед тийм блоомж ерөөсөө байгаагүй.

Тэр үеийн багш нар ч ихэнх нь Будапешт юм уу, Германд очоод тэндээс ганцхан бичгийн аргаар л монгол хэл сурсан байсан. Биднийг төрөх үед монголтой холбоотой судлал бараг байгаагүй. Харин 1995 оноос хойш жаахан дэлгэрсэн. Одоо сүүлийн үед Монголын олон залуу бакалавр, магистр, докторууд Туркт очиж, сурах болсон. Туркээс энд ирсэн зарим залуус бас байна. 

Монгол хэл сурахад хэцүү талд юу байсан бэ гэхээр чих дасаагүй, анх удаа сурч байгаа хүнд жаахан ээдрээтэй. Гэхдээ монгол хэлний турк хэлтэй хамгийн ойрхон гэх үү, хамгийн онцгой тал нь өгүүлбэрзүй ялгаагүй гэмээр төстэй.

Би энд ирэхээс өмнө англи, герман 2 хэл сурсан. Хоёулаа европын төрлийн хэл. Өгүүлбэрзүй их өөр. Би анхны 3 долоо хоног монгол хэлийг бараг англи хэлний хэл зүйн дүрмээр бичиж байгаагаа анзаараад гэв гэнэтхэн "өө, энэ буруу энэ чинь англи хэлний дүрэм шүүдээ. Монгол хэл өөр" гэж сэрсний дараа хурдан сурсан.

Сэтгүүлч: Анх монголын нууц товчоог яагаад оруулсан юм бэ? 

Левень Каяа: 2007 оны амралтаараа би Туркт очихдоо нэг хүнтэй танилцсан.  Намайг монголоос ирсэн, монгол хэлтэй гэж үзээд  Монголын нууц товчоог орчуулж чадах уу гэж асуусан. Би 2007 он хүртэл 10 гаруй жил англи, турк хэлний хооронд 2 талын орчуулга хийж байсан юм. Орчуулга хийхэд надад амархан санагддаг учраас би шууд л "Монголын нууц товчоо"-г  хэр юм бэ гэдгийг ч мэдэхгүй, залуу хүний зоригондоо "чадна аа, чадна, асуудалгүй" гээд хэлчихсэн.

Тэгээд 2006 онд Монголын эзэнт гүрний 800 жилийн ойтой холбоотой явуулсан хөтөлбөрийн хүрээнд "Монголын нууц товчоо"-ны А.Дамдинсүрэн багшийн найруулгыаар  интернэтэд тавьсан 12 бүлгийг тус тусад нь орчуулж эхэлсэн.

Харин орчуулах явцад нэлээн төвөгтэй юмтай тааралдаж байсан.  Тэгээд байнга байн МУИС-ийн Монгол хэлний танхимын Баасанбат багшаасаа үг асуугаад, тайлбар асуудаг байлаа. 

Тэгээд тэр надад мэйлээр миний асуусан юмны учрыг, тайлбарыг нь явуулдаг. Тэгсээр байгаад би тэгээд аажим аажмаар дуусгасан. Анхны хэвлэл нь яг миний хүссэн шиг болоогүй.  Харин 2 дахь хэвлэлд нь би арай туршлагатай болсон. Гэхдээ л багш нараасаа асуухаа би бас зөндөө асуусан. Одоо миний бодлоор Монголын нууц товчооны хамгийн сайхан орчуулгын нэг нь болсон. 

Сэтгүүлч: Монголын нууц товчоо өнөөгийн залуучуудад ер нь юуг хэлж байна гэж та бодож байна?

Левент Каяа: Монголын нууц товчоо бол ариун судар. Монгол хэмээх нэрийн ариун судар. 

Туркт хамгийн том асуудал бол "бидний өвөг дээдэс хэн  юм" гэх асуулт.  Нэг хэсэг нь өөр үзэл баримтлалтай байхад, нөгөө хэсэг нь өөр нэг хүнийг баримтална.

Гэтэл монголчуудын давуу тал дэлхийн хаана ч байсан, Халимаг, Буриад, Өвөр Монгол аль нь ч байлаа "Монголын өвөг дээдэс Чингис хаан" гэж дуу нэгтэй хэлдэг. Монгол хүмүүсийн азтай тал нь Чингис хаан шиг нэг фигур байна.

Тиймээс Чингис хаан бол Монгол нэртэй үнэмлэхийн шүтээн хүн. Чингис хааны амьдрал хамгийн том бүтээл. Монголын эзэнт гүрэн болон түүний тухай хамгийн 1 дүгээр эгнээний жинхэнэ баримт болбол Монголын нууц товчоо. Тэр талаараа Монгол гэсэн үнэмлэхтэй хүн болгоны ариун судар Монголын нууц товчоо гэж хэлж болно.

Ганцхан Туркт ч биш дэлхийн зарим орнуудад Чингис хаан болон тэр үеийн монголчуудыг дайсан гэж үздэг хүмүүс байна. Эсвэл чөтгөр ч  гэж үздэг хүмүүс байна. Тэд ихэнх нь Монголын тухай юу ч мэдэхгүй. Миний бодлоор тэр хүмүүс Монголын нууц товчоог уншвал Чингис хаан чөтгөр биш гэдгийг ойлгоно.

Харин Монгол залуус Монголын нууц товчоог яагаад унших хэрэгтэй вэ гэвэл, ийм бахархмаар түүхийг уншихгүй бол юу унших вэ?

Би Монголд олон жил амьдарсан. Маш олон монгол найзтай. Бараг зарим монгол айлын гишүүн шиг болсон байна. Би Монголын нууц товчоог уншихаар яг монголчуудаар бахархмаар зүйл зөндөө бий.

Дэлхийд энэ нүүдэлчин хүмүүс гэхээр соёл мэдэхгүй, иргэншил байхгүй,зүгээр л  хүмүүсийг хутгалаад, цавчаад, алаад явчихдаг, юу ч бүтээгээгүй чөтгөр гэж үздэг  мухар ойлголттой хүмүүс бий шүү дээ.

Гэтэл, үгүй ээ. Нууц товчоо тийм болоогүйг баталдаг. Жишээлбэл, Хэрвээ Монголын нууц товчоог уншвал тэр нэг өдөр агуйнаас гараад, дараагийн үйлдвэрийн оператор болдог  шиг домог тийм юм байхгүй. Чингис хаан үнэхээр боловсролтой ухаантай хүн байсан нь маш тодорхой.

Өндөр иргэншилтэй орнуудын ард түмэн тав тухтай, жаргалтай амьдарсныхаа дараа бид ерөөсөө үхэхгүй, одоо хэн ч биднийг дийлж чадахгүй, бидэнтэй тэмцэх хэн ч байхгүй гэж бодсон. Гэтэл Чингис хаан тэдэнд тийм биш гэдгийг сургасан.

Хамгийн 1 дүгээрт,  хүн болгон нэг өдөр үхнэ. Тийм хязгааргүй хүч, хязгааргүй жаргал байхгүй гэдгийг заасан. Тэдний бодож байснаас бүр тэс өөр хариу өгсөн байж магадгүй.

Чингис хаан хүн болгонд хүн гэдгийг дахин сануулсан.

Сэтгүүлч: Та англи, герман хэл сурсан, дээрээс нь монгол хэл сурсан. Дээрээс нь өөрийн төрөлх хэл турк хэлээрээ ярьдаг. Хэл шинжлэлийн ухааны докторант. Өмнө нь Турк Улсдаа ямар мэргэжлээр сурсан юм бэ? 

Левент Каяа: Электроны инженер мэргэжлээр сурсан. Гэхдээ би тооны хүн биш юм байна. Тэр үед боловсролын системд шилжээд сонголт ховор байсан. Тиймээс  хөдөлгүүрийн инженер эсвэл хүчдэлийн инженер эсвэл электрон инженер эсвэл холбоо мэдээллийн инженер, удирдах инженер болох л сонголт байсан. Тэгээд би хүчдэлийн инженер болно гээд  сурсан.

Сэтгүүлч: Дэлхийн олон хөгжилтэй, сайхан улсууд зөндөө байна. Гэтэл Монголд ирэх эцсийн зорилго яг юу юм бэ?

Левент Каяа: Анхны зорилго номоо бичих байсан. 2023 онд тэр зорилго биелсэн. Одоо нэг Монгол ахтайгаа ажиллаад, тэр ахдаа туслаад явж байна. Цагаан сарын үеэр ах бид 2 Солонгос явж байлаа. Хүмүүс заримдаа ахыг Турк, намайг Монгол хүн үү? гэдэг. 

Сэтгүүлч: Та одоо Турк Улсын иргэн.  Монгол Улсын иргэн болох хүсэлт танина гэсэн шүү дээ.  Монголын иргэн болохоор асуудал юунд байна вэ?

Левент Каяа: Нэгдүгээрт, 5 жил таслалтгүй Монголд амьдарсан байх шаардлагатай. Миний хувьд уг нь 2019 онд энд ирээд, ковидын үеэр нэг жил Турк авсан учраас тэр 5 жил тасарсан. Одоо 2021 оны намар ирснээс хойш 5 жил ирэх намар болно. Тэгээд ирэх намаас хойш би магадгүй хүсэлтээ гаргаж болно.

Гадаад улсын иргэн Монгол Улсын иргэн болъё гэвэл ямар ямар материал бичиг баримт бүрдүүлдэг вэ гэдгийг бүгдийг нь мэдэхгүй байна. Ямартай ч эхний шаардлага нь 5 жил Монголд амьдарсан байх ёстой. Тэр 5 жил бүрдээгүй байгаа болохоор би ч яарахгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.