Б.Хурц: Өнөөдөр АН О.Цогтгэрэл, Женко Х.Баттулга нарын хувьцаат компани боллоо
АН-ын Их хурал өчигдөр/2026.04.08/ болж өнгөрсөн. Харин өнөөдөр Үндэсний бодлогын хороо/ҮБХ/ Төрийн ордонд хуралдаж, намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Үүнтэй зэрэгцээд АН-ын дотоод сонгуулийг хууль бус, луйврын сонгууль болсон гэж үзсэн жирийн гишүүд, дэмжигчид Намын онц их хурлыг Соёлын төв өргөөнд зохион байгуулж байна.
АН-ын гишүүн Б.Хурц:
-Ардчилсан нам доторх хулгай дээрмийн асуудал хэрээс хэтэрлээ. 2024 оны сонгуулийн өмнө Үндэсний бодлогын хорооны гишүүдийн баталсан нэрс өглөө болоход л өөрчлөгдөөд алга болдог байсан бол өнөөдөр энэ байдал 10 дахин нэмэгдсэн.
Өнөөдөр Ардчилсан нам улс төрийн хүчин биш, хувьцаат компани шиг л болчихлоо. "Мах импекс", "Эко", "Тэсо", "М-Ойл" зэрэг томоохон компаниуд ажилчдаа бөөнөөр нь оруулж ирж, намын гишүүнээр бүртгүүлж байна. Үүний уршгаар намаа гэж явсан жирийн гишүүд гадуурхагдаж эхэллээ.
Өмнө нь 50-60 хүнтэй байсан намын үүрүүд дээр 500-700 хүний хуурамч бичилт хийж, "царцаа" нүүлгэх замаар жирийн гишүүдээ хөөж гаргасан. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон бусад бараг бүх газар энэ увайгүй үйлдэл явагдсан. Анхнаасаа ардчиллын төлөө зүтгэж ирсэн ахмадууд, жирийн гишүүд үүнд маш их бухимдалтай, гомдолтой байна.
Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгохдоо хүртэл хууль бус үйлдэл гаргасан. Тус хорооны гишүүдийн 250 орчим нь Ардчилсан намд огт танигдаагүй, өмнө нь байгаагүй хүмүүс байна. Тэднийг сонгож байна гэж Төрийн ордонд жүжиг тавьж, яг л Хойд Солонгос шиг хуурамч шоу хурлууд хийж байна. Энэ бол цэвэр хулгай, дээрэм юм.
Намын үйл ажиллагаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн үндсэн дүрмээсээ бүрэн гажсан тул бид Дээд шүүхэд гомдлоо гаргасан.
Өчигдөр намын их хурал дээр Д.Жаргалсайхан гишүүн хүртэл "Х.Баттулга Баянхонгорт 3 сая төгрөг тараалаа" гэж хэлж байна лээ. Энэ мэтчилэн олон аймаг, дүүрэгт мөнгө тарааж, луйврын аргаар эрх мэдэл авсан.
Д.Жаргалсайхан гишүүн тэр хүнийг/Женко Баттулга/ олон жил дагасан ч одоо үнэхээр аргаа бараад үнэнээ хэлж байна. "Женког дагасан хүмүүс шороонд, эсвэл шоронд ордог" гэдэг үг бий. Яг л тэр замаараа явж байна. Ер нь 2017 онд энэ хүн Ерөнхийлөгч болсноос хойш Монголын улс төрд хулгай дээрэм цэцэглэж, төр үнэгүйдсэн.
Өнөөдөр УИХ-ын гишүүн гэдэг нэрийг хэн ч тоохоо больж, "126 хог" гэж ард түмэн дүгнэж байгаа нь гашуун үнэн. Миний хамгийн их бухимдаж байгаа зүйл бол намын өнөөгийн арчаагүй байдал. Тэтгэврийн хөгшчүүл, эмч, багш нар цалин хөлсөө нэмүүлэхээр талбай дээр жагсаж байхад Ардчилсан намын 42 гишүүнээс нэг нь ч гарч ирээд дэмжих үг хэлсэнгүй. Бүгд нуугдчихдаг. Ноднин жил нэг эмэгтэй талбай дээр ганцаараа орилоод зодуулж байхад манай намын эмэгтэй гишүүдээс хэн нь ч өмөөрч дуугараагүй. Үүнд л би маш их уур хүрч байна.
Ардчилсан нам өнөөдөр ард түмний дуу хоолой байж чадахаа больж, зүгээр л бүлэглэлүүдийн хувьцаат компани болж хувирсанд үнэхээр харамсаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.