О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг эсэргүүцэж байгаа гишүүн бүр тангарагаасаа няцаж байна
УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах тухай хуулийн талаар хуульч О.Баасанхүүгийн байр суурийг хүргэе.
-УИХ-ын гишүүнийг ёс зүйн асуудлаар эргүүлэн татах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцсэн ч ирц хүрээгүй тул санал хураалт явагдсангүй. Энэ асуудлаар гишүүдийн дунд нэлээд маргаан өрнөж байна. Зарим гишүүн үүнийг тодорхой эмэгтэй гишүүдэд зориулж оруулж ирсэн хууль гэх хандлагаар ч ярьж байна. Ерөнхийлөгч яагаад энэ хуулийг санаачлах болсон шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
Хуульч О.Баасанхүү:
-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 1992, 1996 оны УИХ-ын үед гишүүн гэмт хэрэгт холбогдож, гурван шатны шүүхээс ял авбал шүүхийн шийдвэр уншигдмагц бүрэн эрх нь автоматаар дуусгавар болдог байв. Мөн Үндсэн хуулийн цэцээс тухайн гишүүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэвэл бүрэн эрх нь шууд цуцлагддаг зохицуулалттай байсан. Гэтэл 2000 онд Ц.Нямдорж Хууль зүйн яамыг удирдаж эхэлснээс хойш энэ хоёр заалт үгүй болсон.
Энэ заалтууд хүчингүй болсноор зөвхөн "гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд түдгэлзүүлэх" гэсэн ганцхан ойлголт үлдсэн. Үүнийг гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрх нь дуусгавар болж, гэм буруугүй бол эрхийг нь сэргээнэ хэмээн буруу тайлбарлаж ирсэн. Бодит байдал дээр "түдгэлзүүлэх" гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүйн тулд бүрэн эрхээс нь түр чөлөөлж, ажиллагаа дуусмагц буцаан сэргээдэг хуулийн зохицуулалт юм.
2019 онд Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглож, халдашгүй байдлыг хуулиар тогтоохоор заасан. Мөн 29.3-т УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, гэмт хэрэг үйлдсэн бол эргүүлэн татах үндэслэл болно гэж тусгасан.
Үүнтэй уялдуулан 2023 оны 5 дугаар сарын 3-нд Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийг баталсан. Уг хуулийн 16.2-т төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, огцруулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулахаар заасан байдаг.
Тиймээс Үндсэн хуулийн 29.3 болон дээрх хуулийн заалтын дагуу тангаргаасаа няцсан, гэмт хэрэгт холбогдсон гишүүнийг эргүүлэн татах тусгайлсан хуулийг Ерөнхийлөгч санаачлан оруулж ирлээ гэж харж байна.
Олон гишүүд "Ёс зүйг хуульчилж болохгүй" гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл парламент өөрөө 2023 оны 5 дугаар сарын 3-нд Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай бие даасан хуулийг баталсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Хуулиа уншихгүйгээр, хэдийн батлагдсан хуулийг баталж болохгүй мэтээр ярьж болохгүй.
Энэ хуулийн 16.2-т төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах асуудлыг тусгайлсан хуулиар шийднэ гэж заасан. Нөгөөтээгүүр, Үндсэн хуульд ч УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан тохиолдолд эргүүлэн татах үндэслэл болно гэдгийг тодорхой зааж өгсөн.
Мөн 2023 оны 5 дугаар сарын 12-нд батлагдсан УИХ-ын тухай хуульд гишүүнтэй холбоотой хоёр зүйл дээр УИХ шийдвэр гаргахгүй, хоёр зүйл дээр шийдвэр гаргана гэж заасан. Нас барах болон Ерөнхийлөгчөөр сонгогдох тохиолдолд УИХ шийдвэр гаргахгүй. Харин өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргах, эсвэл гэмт хэрэг үйлдсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдсон тохиолдолд УИХ тогтоол гаргана гэж заасан.
Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад УИХ дахин тогтоол гаргаж шийдвэрлэх гэж байгаа нь маргаан дагуулж байна. Тиймээс Ерөнхийлөгч энэ зөрчлийг арилгаж, илүү тодорхой, нарийвчилсан хууль оруулж ирлээ гэж үзэж байна.
-Хуулийн төсөлд жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдийг тусад нь ялгаж, жагсаалтын гишүүний ёс зүйн асуудал гарвал тухайн нам нь өөрөө хариуцаж оруулж ирэх, эсвэл Үндсэн хуулийн цэцэд хандах заалт орсон. Үүнийг зарим хүмүүс ард түмний мандатыг нам руу шилжүүлж, намд хэт том эрх мэдэл өгөх нь, нам өөрт таалагдаагүй гишүүнээ эргүүлэн татах боломж үүслээ хэмээн шүүмжилж байна?
-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон намын тогтолцоотой үед намын жагсаалтын 48 дугаарт бичигдсэн хүн бодитоор сонгогдох ямар ч боломжгүй байдаг. Уг нь жагсаалтыг ард түмнээр өөрсдөөр нь эрэмбэлүүлдэг байсан бол жинхэнэ утгаараа ард түмнээс мандат авсан гэж үзэх байв.
Жишээлбэл, Японы сонгуулийн хуулиар сонгогчид жагсаалтад байгаа таалагдсан нэр дэвшигчийнхээ нэрийг шууд бичиж сонгодог. Гэтэл манай өнөөгийн тогтолцоогоор ард түмнээс УИХ-ын гишүүн биш, нам мандат авч байгаа юм.
УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд иргэн, улсын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэвч жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд ард түмэн тэдэнд шууд мандат өгөөгүй, харин намд саналаа өгсөн. Нам өөрийн үзэмжээр хүмүүсийг жагсааж оруулж ирсэн учраас тухайн хүмүүстээ хариуцлага тооцох хүсэлтээ гаргах эрхтэй байх нь зүйн хэрэг юм.
Хэрэв жагсаалт нээлттэй байсан бол ард түмний мандат гэж ярьж болно. Намын жагсаалтаар орж ирсэн хүн гэмт хэрэгт холбогдох, ёс зүйн ноцтой алдаа гаргах зэрэг асуудал үүсвэл намын зүгээс УИХ-д оруулж, эргүүлэн татаад өөр хүнээр солих боломжтой байх ёстой.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Сонгуулийн тухай хуулиар тойргоос сонгогдсон гишүүн эргүүлэн татагдах эсвэл нас барсан тохиолдолд нөхөн сонгууль явуулдаг. Харин жагсаалтын гишүүний орон гарахад дараагийн хүн нь нөхөж ордог тул дахин сонгууль хийгддэггүй.
Тиймээс нам ард түмний өмнө хариуцлага хүлээж, алдаатай хуулиа засаж залруулах гэж байгааг эмзэглэж хүлээж авах шаардлагагүй.
-Үндсэн хуулийн 29.3 болон 64 дүгээр зүйлийг амилуулах гэж байгаа ч дутуу оруулж ирлээ, төрийн өндөр албан тушаалтан гэдэгт зөвхөн УИХ-ын гишүүнээс гадна бусад таван албан тушаалтныг хамтад нь оруулах ёстой байсан гэх шүүмжлэл гарч байна?
-Үндсэн хуулийн 29.3-т "УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах үндэслэл болно" гээд зөвхөн УИХ-ын гишүүн гэсэн ганцхан субъектийг тодорхой зааж өгсөн байдаг. Энд Ерөнхийлөгч болон бусад албан тушаалтны тухай дурдаагүй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэц дөрвөн төрлийн маргааныг шийдвэрлэдэг. Үүнд хууль, тодорхой албан тушаалтны (Засгийн газар гэх мэт) гаргасан шийдвэр, мөн хувь хүнтэй холбоотой (Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх) асуудлууд багтдаг.
Хууль болон шийдвэртэй холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ заавал хэлэлцэж, хэрэв хүлээн зөвшөөрөхгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр гардаг. Харин хувь хүнтэй холбоотой гаргасан Цэцийн шийдвэр шууд эцсийнх байдаг бөгөөд УИХ түүнийг дахин хэлэлцдэггүй.
Гэтэл зарим гишүүд Цэцийн ямар ч шийдвэрийг УИХ заавал авч хэлэлцэх ёстой мэтээр хуулийг мушгин тайлбарлаж байна. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн томилдог Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц дүгнэлээ гэхэд энэ нь УИХ-д ямар ч хамааралгүй асуудал юм.
1992 оны Үндсэн хуульд Цэцийн дүгнэлтийг УИХ-д "оруулна" гэсэн тодорхой заалт бий. Энд "оруулна" болон "танилцуулна" гэсэн хоёр өөр ойлголт байгаа юм.
Хууль, УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэртэй холбоотой Цэцийн дүгнэлтийг УИХ-д оруулж хэлэлцүүлдэг. Хэрэв УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Харин хувь хүний үйлдэлтэй холбоотой буюу тангаргаасаа няцсан, Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн шийдвэрийг УИХ-д зөвхөн танилцуулаад л өнгөрөх ёстой. Гэтэл үүнийг парламентын бүрэн эрхэд халдлаа хэмээн мушгиж байна.
Үндсэн хуулийн 29.2-т УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар зохицуулахаар заасан. Уг нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай бие даасан хууль байх ёстой бөгөөд юуг халдашгүй байдал гэх, ямар тохиолдолд халдсан гэж үзэх, халдвал ямар хариуцлага хүлээлгэхийг нарийвчлан хуульчлах шаардлагатай.
Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 12-нд баталсан УИХ-ын тухай хуулиар гишүүний гэм бурууг шүүхээр дэнслэхийн тулд заавал УИХ-аас зөвшөөрөл авах ёстой гээд заачихсан. УИХ-ын гишүүн ямар ч гэмт хэрэг үйлдсэн бай түүнд нэгжлэг хийх, баривчлах, саатуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэсэн ноцтой аюултай зохицуулалт хийсэн.
Албан бус мэдээллээр, нэр бүхий зургаан гишүүний мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүх рүү шилжүүлэх шатандаа явж байна.
Үүнээс үүдэн Ерөнхий прокурор маш хүнд байдалд орсон. Үндсэн хуулиар хүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх шийдвэрлэх бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл УИХ-ын тухай хуулиар шүүхэд шилжүүлэхийн тулд заавал УИХ-аас зөвшөөрөл асуух шаардлагатай болж, хууль хоорондын гацаа үүссэн. Жирийн иргэний хувьд хавтаст хэрэгтэй танилцаж, яллах дүгнэлт үйлдээд шүүхээр гэм буруугаа дэнслүүлдэг. Харин УИХ-ын гишүүдийн хувьд хуучин байсан "бүрэн эрхийг түдгэлзүүлэх" заалтыг үгүй болгож, шүүхээр шийдүүлэхийн тулд парламентаас асуудаг болгосон нь буруу юм.
Ард түмэн УИХ-ын 126 гишүүнийг өөрсдийнхөө элч төлөөлөгчөөр томилсон. Хэрэв тэд иргэний болон улсын эрх ашгийн төлөө ажиллахгүй, тангаргаасаа няцаж, ёс зүйн зөрчил гаргаж, гэмт хэрэг үйлдвэл эргүүлэн татах зохицуулалт Үндсэн хуульд бий. Үүнийг нарийвчлан хуульчлахыг буруу гэж эсэргүүцэж буй гишүүдийг ойлгохгүй байна.
Зарим гишүүн "Тангаргаасаа няцах гэдэг нь субъектив ойлголт" хэмээн тангаргийн үнэ цэнийг үгүйсгэж байна. Бодит байдал дээр тангараг өргөнө гэдэг нь хууль зөрчихгүй, ёс зүйн алдаа гаргахгүй, нийт ард түмний эрх ашгийн төлөө ажиллана, хэрэв зөрчвөл хуулийн хариуцлага хүлээж, эргүүлэн татагдахад бэлэн гэдгээ баталж буй хэрэг юм.
Гэтэл хуулиар хариуцлага хүлээхээс зугтаж, энэ хуулийг эсэргүүцэж байгаа гишүүд өөрсдөө тангаргаасаа няцаж байна.
-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон бол Дээд шүүхийн шийдвэрийг УИХ-д шууд танилцуулж, эргүүлэн татах заалтыг зарим хүмүүс Ерөнхийлөгч шүүхэд нөлөөлж, парламентын бүрэн эрхэд халдах гэж байна хэмээн хардаж байна?
-Дээд шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл УИХ-тай зөвшилцөн нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч батламжилдаг хуультай. Ерөнхийлөгч өөрийн үзэмжээр хүн томилдоггүй. Нөгөөтээгүүр, гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад УИХ түүнийг нь хүлээн зөвшөөрөх эсэхээ хэлэлцэж тогтоол гаргана гэдэг нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Шүүхийн шийдвэрээр УИХ тогтоол гаргах ёсгүй.
Харин хуучин байсан зохицуулалтын дагуу Дээд шүүхийн шийдвэрийг УИХ-д зөвхөн танилцуулаад л гишүүний бүрэн эрх дуусгавар болдог байх нь зөв.
Энэ удаагийн парламент уг хуулийг батлахгүй байсан ч Үндсэн хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хууль хүчинтэй байгаа цагт эргүүлэн татах хууль хэзээ нэгэн цагт заавал батлагдах болно.
Одоогийн УИХ халдашгүй байдал гэдгээ нарийвчлан хуульчлаагүй атлаа "халдашгүй байдалд халдаж болохгүй" гэж яриад байна. Тэдний ойлголтоор бол гишүүн гэмт хэрэг үйлдсэн ч УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр хуулийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж үзэж байгаа нь шууд утгаараа "гэмт хэрэг үйлдэх нь халдашгүй байдал" мэт гаж ойлголтыг төрүүлж байна.
Уг нь Үндсэн хуулийн 29.2-т халдашгүй байдлын хязгаарыг тодорхойлж хуульчлахыг шаардсан байдаг. Гаднын орнуудад халдашгүй байдал гэдэг нь хууль санаачилсных нь төлөө, эсвэл үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хариуцлагад татахгүй байхыг хэлдэг. Гэтэл манайд саяхан хуулийн төсөл хэлэлцэх үеэр гарсан гишүүдийн хоорондын маргаан, ёс зүйгүй үйлдэл, бие биеэ буруутгасан хандлага нь халдашгүй байдлын тухай хууль тодорхойгүйтэй холбоотой. Хэрэв халдашгүй байдлыг нарийвчлан хуульчилсан бол гишүүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуулт асууж, үг хэлснийхээ төлөө бусдад доромжлуулсан бол хуулийн дагуу хариуцлага нэхэх боломжтой байх байсан.
Гэвч манайд халдашгүй байдлыг зөвхөн "гэмт хэрэг үйлдсэн ч хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэдэг утгаар л аргацааж хуульчилсан. Эцэст нь хэлэхэд, УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч юм.
Ард түмэн өөрсдийн төлөөлөл болгож тэднийг парламентад суулгасан. Тэгвэл томилж явуулсан ард түмэн төлөөлөгчөө хянах эрхтэй байх ёстой. Дараагийн сонгууль хүртэл алдаа дутагдлыг нь зүгээр хараад суух ёсгүй бөгөөд үүнийг Үндсэн хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулиар тодорхой зааж өгсөн.
Төрийн өндөр албан тушаалтан буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дарга зэрэг албан тушаалтнуудын заримыг нь огцруулах, заримыг нь эргүүлэн татах зохицуулалт бий. Ерөнхийлөгч нийт ард түмнийг төлөөлж, эв нэгдлийг илэрхийлэгчийнхээ хувьд эргүүлэн татах хуулийн төслийг санаачлан оруулж ирсэн.
Гэтэл парламент буюу "бага ард түмэн" нь албан тушаал, эрх мэдлээ давуу байдлаар ашиглаж, "их ард түмэн"-тэйгээ зөрчилдөж байгаа нь хуулиар хориотой үйлдэл юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.