Өвөр монголын барга бүсгүй Б.Адъяа: Монголын их талыг хараад л сөгдөж унамаар санагдсан

Монгол хэлээр дэлхийд ярья уриатай "Монголоор хөөрөлдье" подкастын ээлжит зочноор Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр  аймгийн Шинэ Барга баруун хошууны уугуул Б.Адъяа оролцлоо. 

Хөтлөгч:

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,

Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ...

 Эрхэм хүндэт үзэгчид ээ, "Монгол хэлээр дэлхий даяар яръя" уриатай "Монголоор хөөрөлдье" подкастын энэ удаагийн дугаар Их эзэн Чингис хааны талбайгаас хүрч байна. Бидний энэ удаагийн зочноор Өвөр Монголоос ирсэн барга түмний охин Адьяа оролцож байна. Тэрбээр өглөө бүр Эзэн Чингис хааны хөшөөнд ирж хүндэтгэл үзүүлэн мөргөдөг юм. Адьяа, үзэгчдэд маань өөрийгөө танилцуулаад, ярилцлагаа эхэлье.

Б.Адъяа: Сайн байцгаана уу, сайхан хаваржиж байна уу? Намайг Батын Адьяа гэдэг. Би Өвөр Монголын Өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошууны уугуул иргэн байна.

Хөтлөгч: Та анх Монголд хэзээ ирсэн бэ? Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Б.Адъяа:  Би анх наймдугаар сарын 8-ны өдөр ээж, охин дүүтэйгээ гурвуулаа Алтан Эмээлээс Чойбалсангаар дамжин Улаанбаатарт ирж байлаа. Маргааш нь Төв аймгийн Зуунмод хотод болсон "Баргажин" наадамд оролцсон юм. 

Хашаатын Хавирга боомтоор гарч, Монголынхоо уудам цэлгэр талыг хараад өөрийн эрхгүй догдолж, сөгдөн мөргөмөөр санагдаж билээ. Зуны дэлгэр цаг байсан болохоор агь гангын үнэр сэнгэнээд, яг л цэцгэн далайд хөвж яваа мэт сайхан мэдрэмж төрсөн. Бид фургон машинаар явж ирсэн юм.

Хөтлөгч: Таны өмссөн дээл болон толгойн гоёл их содон, сайхан харагдаж байна. Энэ талаар танилцуулахгүй юу?

Б.Адъяа:  Энэ бол барга ястны хурим найр, ёслол хүндэтгэлийн үед өмсдөг дээл. Харин толгойд зүүсэн алчуурыг "Шанхны алчуур" гэж нэрлэдэг. Эрэгтэйчүүд нь оройлж зангиддаг бол эмэгтэйчүүд нь хойш нь даруулж уядаг. Цагаан өнгөөр ариун сүүн сэтгэлийг бэлгэддэг юм. Барга зон олон хөх тэнгэрийг бэлгэдэж дээл хувцсаа гүн хөх өнгөөр хийдэг. Дээлийнхээ энгэрийг олон давхарлан эмждэг нь алтан нарыг бэлгэдэхийн сацуу "жаргал, зовлон, жаргал" хэмээн амьдралын хүрдийг илэрхийлж гурван давхар эмждэг учиртай.

Хөтлөгч: Гэр бүлийнхнээ бидэнд танилцуулаач. Бага насаа хөдөө мал маллаж өнгөрүүлсэн үү?

Б.Адъяа:  Манай ээжийг Гомбын Сувд, аавыг Бат гэдэг. Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошууны Буйр сумын малчин хүмүүс бий. Би бага сургуульд орох хүртлээ хөдөө мал дээр өссөн. Сургуульд орох үедээ ээжтэйгээ аймгийн төв рүү шилжсэн юм. Баргачууд бол маш эртний түүхтэй, язгуурын монгол үндэстэн.

Хөтлөгч: Одоо Улаанбаатар хотод ямар чиглэлээр суралцаж байна вэ? Мөн өглөө бүр Эзэн Чингис хааны хөшөөнд ирж мөргөх үед төрдөг сэтгэгдлээсээ хуваалцаач?

Б.Адъяа: Би их сургуулиа угсаатан зүйч мэргэжлээр төгссөн. Одоо Улаанбаатарт ардын бүжиг, биелгээ сурч байна. Монгол Улсад ирэх болсон нэг шалтгаан нь "Баргажин" наадам байсан бол нөгөөх нь Эзэн Чингис хааныхаа өлгий нутагт ирж, хөшөө дурсгалд нь хүндэтгэл үзүүлэх хүсэл байлаа. Би өвлөөс эхлэн өглөө бүр сургалтын төв рүүгээ явах замдаа талбайгаар дайрч, Эзэн хааныхаа хөшөөнд мөргөж эхэлсэн. Анх ээж, дүү хоёртойгоо хамт ирж мөргөж байв. Өглөө ингэж хүндэтгэл үзүүлээд гарахад тэр өдрийн бүх ажил бүтэмжтэй, сэтгэл санаа өөдрөг, маш их эрч хүчтэй болдог. Яг л уул усандаа мөргөж байгаа мэт асар их аз жаргал, догдлол мэдрэгддэг.

Хөтлөгч: Хөшөөний дэргэд ирэхэд яг юу бодогддог вэ? Хэрвээ Эзэн Чингис хаан сэнтийгээсээ босоод ирвэл танд юу гэж хэлэх бол?

Б.Адъяа: Чингис хааныхөшөө маш сүрлэг учраас яг л амьд сэрүүн Эзэн хаандаа бараалхаж байгаа мэт санагддаг. Заримдаа хаан сэнтийгээсээ босож ирээд ард иргэдтэйгээ мэндчилж байна гэж төсөөлдөг юм.

Хэрвээ надтай уулзвал "Монголоороо бахархаж, үндэс угсаа, өв соёлоо дээдэлж яваарай" гэж захих байх. Би мөргөхдөө мөнх хөх тэнгэр, хөрст алтан дэлхий, Монгол Улсын төрийн далбаа, соёмбондоо сүсэглэн даатгадаг. Нутагтаа байхад ээж минь өглөө бүр уул хангайдаа сүүнийхээ дээжийг өргөж залбирдаг шиг, би ч бас Эзэн хаандаа хүсэл мөрөөдлөө даатгадаг юм.

Хөтлөгч: Монголчууд Эзэн хааныхаа хөшөөнд хэрхэн ханддаг гэж та боддог вэ? Мөн Монголд ирэхээсээ өмнө ямар төсөөлөлтэй байсан бэ?

Б.Адъяа:  Монголчууд хүүхдүүдээ дагуулаад ирж мөргөхийг би олон харсан. Тиймээс надтай адилхан Эзэн хаанаа дээдлэн шүтэж, хүндэтгэж явдаг гэж боддог. Бага байхад манай аав Монголын үндэсний телевизийн нэвтрүүлгүүд, "Жалам хар" бүжиг, Ардын жүжигчин А.Долгор гуайн дуулахыг бичлэгээр үзүүлдэг байлаа. Тэр үеэс л Монголын урлаг соёл, дуу хуур ямар гайхалтай болохыг мэдэрч, бахархаж өссөн. Энд ирэхэд яг л эх нутагтаа, аав ээж, өвөөгийнхөө дэргэд байгаа мэт халуун дулаан мэдрэмж төрдөг. Талбай дээр ирэхэд л бүх стресс арилж, аз жаргалаар дүүрдэг.

Хөтлөгч: Эх хэлнийхээ талаарх таны бодлыг сонсъё. Таны ярианаас Монголоо гэх маш их хайр, бахархал мэдрэгдэж байна.

Б.Адъяа: "Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй, үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй" гэдэг дээ. Монгол хэл бол биднийг өлгийгөөс авахуулаад насан буурал болтол хөтлөх хамгийн хүндтэй, дээдлэх ёстой зүйл. Эх орон гэдэг бол миний зүрх сэтгэлд хадгалагдаж явдаг тоонот нутаг минь юм.

Хөтлөгч: Та монгол бүжиг, биелгээгээр хичээллэж байгаа гэсэн. Яагаад бүжгийн урлагийг сонгох болов?

Б.Адъяа:  Би энэ оны эхнээс ардын бүжгээр хичээллэж эхэлсэн. Нутагтаа байхдаа Монголын Үндэсний урлагийн их театрын бүжигчдийн тоглолтыг үзээд өөрийн эрхгүй татагдсан. Хүний биеийн хөдөлгөөнөөр ахуй амьдрал, түүх соёлоо бүрэн илэрхийлж чаддаг нь гайхалтай. Ялангуяа Сорхугтани бэхи хатны дүрийг тайзнаа амилуулсан бүжигчин Бямбаагийн бүжиглэхийг үзэх дуртай.

Ардын хөгжим сонсож, бүжиглэх үедээ өөрийгөө жинхэнэ монгол хүн болсноор мэдэрч, асар их эрч хүч авдаг. Бүжгээр дамжуулан Монголын бүх угсаатан ястны ахуй амьдрал, үнэт зүйлтэй танилцаж байгаа мэт санагддаг.

Хөтлөгч: Монгол хүмүүсийн зан чанарын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Мөн бидэнд хандаж юу хэлэхийг хүсэж байна?

Б.Адъяа:  Монголчууд маш цайлган, сайхан сэтгэлтэй ард түмэн. Талбай дээр ирэхэд тааралддаг ахмад настнууд надтай яг л өөрийнх нь үр хүүхэд мэт дотно мэндчилж, "Сайн явж ирсэн үү, Монголд тавтай морил" гэж ерөөдөг нь аав ээжийг минь санагдуулдаг. Харин монголчууддаа хандаж хэлэхэд, бие биенээ илүү их хайрлаж, ойлгож, дотно сайхан ярилцаж байгаарай гэж хүсмээр байна. Мөн залуучууд маань өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн босоо монгол бичгээ бүрэн эзэмшиж, өдөр тутмын хэрэглээгээ болгоосой гэж боддог.

Өвөр Монголын ах дүүс нь бүгд уйгаржин монгол бичгээрээ бичиж, харилцдаг. Тиймээс өв соёл, үсэг бичиг, түүхээрээ үргэлж бахархаж яваарай. Эзэн хаан шигээ хүмүүнлэг, агуу удирдагчид болж, Монгол Улсаа мандан хөгжүүлээрэй.

Хөтлөгч: Цаашдын төлөвлөгөөгөө хуваалцаач. Нутаг буцах уу?

Б.Адъяа:  Сургалтаа дүүргээд нутаг буцна. Гэхдээ буцахаасаа өмнө энэ зун Монгол орноороо аялж, жинхэнэ малчин айлын амьдралтай танилцах хүсэлтэй байна. Ядаж долоо хоног малчин айлд амьдарч үзэхийг мөрөөддөг.

Өмнө нь "Баргажин" наадмын үеэр Төв аймагт нэгэн малчин айлд зочилж, гүү сааж байгааг нь хараад маш сайхан сэтгэгдэлтэй үлдсэн.

Хөтлөгч: Би таныг малчин айлд зочлох хүслийг тань биелүүлж өгнө өө. Манай малчид хэзээнээсээ зочломтгой, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Эх хэлээ олон улсад сурталчлах зорилготой бидний подкастад хүрэлцэн ирж, эх орон, ахан дүүсээ гэсэн халуун дулаан сэтгэлээ хуваалцсан танд маш их баярлалаа.

Адьяа: Намайг урьж, "Монголоор хөөрөлдье" хэмээх энэ сайхан нэвтрүүлгийнхээ хойморт суулгасанд маш их баярлалаа. Зүүдэндээ ч бодож явсангүй. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Монгол хэлээрээ дэлхийд ярьцгаая.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.