"Офицер" Балу нохой үүрэг гүйцэтгэж эхэлснээсээ хойш 12 хүний амь аварч, 21 хүний байршлыг олж, илрүүлжээ
Онцгой байдлын нээлттэй длоо хоног арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр бид Турк Улсад үүрэг гүйцэтгэж, хүний амь авраад ирсэн "офицер" Балу болон түүний сургагч багш Б.Баярдаваа нартай ярилцлаа.
Үндэсний аврах бригадын Эрэлч нохой сургалтын албаны ахлах багш Б.Баярдаваа:
-Намайг Б.Баярдаваа гэдэг. Би Үндэсний аврах бригадын эрэлч нохой сургалтын албаны ахлах багш, ахлах дэслэгч цолтой. Манай нохойг Балуу гэдэг. Балуу маань 2021 онд аврагч нохой, хөтлөгчийг бэлтгэх сургалтад хамрагдаж, албаны нохой болсон.
Түүнээс хойш бид хоёр хамтдаа үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд дотоодын 11, олон улсын 1 удаагийн дуудлагад ажиллаж, 12 хүний амь насыг аварч, амь насаа алдсан 21 хүний байршлыг олж тогтоон багтайгаа амжилттай ажиллаж байна.
Балу офицер юм уу?
-Нохойнд албан ёсны цол байдаггүй ч эзнийхээ цолыг дагаж дуудуулдаг учраас Балуг хүмүүс "офицер" гэж дууддаг. Бид хоёр маш сайн ойлголцож ажилладаг бөгөөд үүний үр дүнд эрэн хайх, аврах ажиллагаа амжилттай болдог.
Би нохойгоо үйл хөдлөл, дохио зангаа, дуу хоолойгоор удирддаг бол нохойнхоо биеийн хэлэмж, хөдөлгөөн, хуцах дохиог маш сайн анзаарч мэдэрсний үндсэн дээр ажиллагаагаа явуулдаг.
Аврах ажиллагааны үед нохой өвдөх, бэртэх тохиолдол гарна. Хамгийн сүүлд Бүгд Найрамдах Турк Улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод ажиллахад нөхцөл байдал нэлээд хүнд байсан бөгөөд нохой маань бага зэрэг бэртсэн. Гэхдээ бид багтаа эмчтэй явсан тул тухай бүрд нь шархыг нь цэвэрлэж, боох зэргээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.
Харин саяхан Балу маань албаны даргатайгаа хамт Хөвсгөл аймагт төөрсөн хүний эрэлд явж үүрэг гүйцэтгээд ирсэн.
Манай алба нохойг зургаан сартайгаас нь эхлэн сургадаг. Нохойг багаас нь бүх зүйлийг нарийвчлан зааж ойлгуулдаг учраас сургалт нэлээд урт хугацаанд үргэлжилдэг. Сургалтаа төгсөж, ажилд гарснаас хойш нохой дунджаар 5-8 жил үүрэг гүйцэтгээд тэтгэвэртээ гардаг. Найман жил ажилласны дараа цаашид үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхийг нь шалгаж, боломжгүй бол тэтгэвэрт нь гаргана. Нохой байгалийн жамаараа 8-9 нас хүрээд хөгширч, хүнтэй л адил хөдөлгөөн нь удаашран, харах, сонсох чадвар нь мууддаг.
Одоогоор надад Балугийн халааг авч сургаж байгаа гөлөг байхгүй байна. Гэхдээ Балу бид хоёр 2023 оноос эхлэн төв болон орон нутгийн нийт 21 алба хаагчийг нохойн хамт бэлтгэж сургасан. Тэдгээр нохойнууд Балугийн шавь буюу залгамж халаа болж байгаа гэж хэлж болно.
Балугийн хувьд бусад нохойноос илүү гэхээсээ илүүтэйгээр сургагч багшийн өгч буй команд, дохио, ажлын гүйцэтгэлээс шалтгаалан ажиллах чадвар нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл, аливаа нохойн ур чадвар нь сургагчаасаа шууд шалтгаалдаг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.