Х.Ариунбилэг: Онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэлийг ариутгаж, цэвэрлэснээр эдэлгээний хугацааг 30 хувь нэмэгдүүлдэг
Онцгой байдлын нээлттэй долоо хоног арга хэмжээн дээрээс бид "Онцгой тусгай хувцас хэрэгслийн туршилт, үйлдвэрлэлийн төв" буюу 121 дүгээр ангийн талаарх мэдээллийг танилцуулж байна.
Онцгой тусгай хувцас хэрэгслийн туршилт, үйлдвэрлэлийн төв буюу 121 дүгээр ангийн захирагч, хурандаа Х.Ариунбилэг:
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 141 дүгээр зарлигаар онцгой байдлын алба хаагчдын 88 нэр төрлийн дүрэмт хувцас, хэрэглэлийг баталсан байдаг. Үүнээс аврах ажиллагаанд 8 нэр төрлийн иж бүрэн хувцас, хэрэглэлийг ашиглаж байна. Эдгээр хувцас хэрэглэлийг бид дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.
ОБЕГ-ын харьяа "Онцгой тусгай хувцас хэрэгслийн туршилт, үйлдвэрлэлийн төв" буюу 121 дүгээр анги нь онцгой байдлын байгууллагын тусгай зориулалтын болон дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэх, бэлтгэн нийлүүлэх, цэвэрлэн ариутгах, засан сэлбэх үндсэн чиг үүрэгтэй. Одоогийн байдлаар тус анги 66 нэр төрлийн албаны, хээрийн болон тусгай зориулалтын дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж байна.
Харин цэвэрлэгээ, ариутгалын хэсэг нь Төрийн хэмнэлтийн тухай хуультай холбоотойгоор ашиглалтад орох хугацаа нь түр хойшлоод байгаа юм. Цаашид мэргэжлийн аврах ажиллагааны тусгай хувцас, хэрэглэлийг бүрэн дотооддоо үйлдвэрлэх боломжтой.
Одоогоор бид ой хээрийн түймрийн болон аврагчдын өдөр тутам үүрэг гүйцэтгэхэд өмсдөг улбар шар хувцсыг туршилтаар оёж байна. Мөн объектын гал түймэртэй тэмцэх зориулалттай буюу байлдааны хувцсыг үйлдвэрлэхээр судалгаа, туршилтын ажлуудыг хийж эхэлсэн.
Эдгээр тусгай зориулалтын хувцсыг дотооддоо үйлдвэрлэснээр өртгийг 1-3 дахин бууруулах эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Үүнээс гадна импортоор орж ирсэн үнэтэй хувцас, хэрэглэлийг зориулалтын горимын дагуу цэвэрлэн ариутгаж, эдэлгээний хугацааг уртасгах нь манай ангийн бас нэг чухал зорилго юм.
Ангиудын зэрэглэл, дуудлагын давтамжаас хамааран хувцасны бохирдол харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, нэгдүгээр зэрэглэлийн анги жилд 200 хүртэлх галын дуудлагад гардаг бөгөөд дуудлага бүрийн дараа хувцсыг стандартын дагуу цэвэрлэж ариутгаснаар ашиглалтын хугацааг 30 хүртэлх хувиар уртасгах боломжтой гэсэн тооцоо, судалгаа гарсан.
Дотооддоо үйлдвэрлэж буй дүрэмт хувцас нь зах зээлийн үнээс харьцангуй хямд тусдаг. Хамгийн гол нь онцгой байдлын байгууллага нь гэнэтийн гамшиг, осолтой байнга нүүр тулдаг тул хувцас, хэрэглэлийн хэрэгцээ шаардлага цаг үргэлж гарч байдаг.
Тиймээс дотоодын үйлдвэрлэлтэй болсноор байнгын бэлэн байдлыг хангах, гамшиг ослын үед ашиглах хувцас, хэрэглэлийн найдвартай нөөц бүрдүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.