Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр дээрээсээ, дотроосоо цэвэрших ёстой
Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийг яагаад батлах ёстой талаар байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Бүрэн эрхийнхээ хугацаанд Монголын төрөө цэвэрлэх юм сан гэсэн чинхүү хүсэл надад бий. Үүний илэрхийлэл нь миний гаргаж буй эр зориг гэдгийг эрхэм хүндэт түүхчид та бүхэн тунгааж бодоорой хэмээн зориуд тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, олон улсад манай улсын нэр хүнд өсөж байна. Дэлхийн олон орны төрийн тэргүүнүүд Монгол Улсад ар араасаа хүрэлцэн ирж байгааг та бүхэн харж байгаа байх. Улс орон маань хөгжиж дэвшиж байна, бүх зүйл муу муухай биш ээ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд бид ард түмнээрээ хамтран зүтгэж, олон сайхан ажлыг хийж бүтээсэн.
Мэдээж бидэнд алдаа оноо бий. Сэтгэл дутсан хариуцлагагүй байдал, авлига, хулгай зэргээс үүдэн улс орныхоо хөгжил дэвшлийг хурдасгах боломжийг алдсан он жилүүд ч бидэнд бий. Үүнийг засахын тулд төрийн тэргүүн энэхүү асуудлыг хөндөж байгаа юм.
Төр дээрээсээ, дотроосоо цэвэрших ёстой бөгөөд төрийн албанд ажиллаж буй бүх хүн сахилга хариуцлагатай байх шаардлагатай. Үүнийг л төрийн тэргүүн ярьж, ард түмэн ч шахаж шаардаж байна.
Би саяхан баруун таван аймаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдээр ажиллаж, иргэдтэйгээ уулзлаа. Ард түмэн энэ асуудлыг маш сайн дэмжиж байна. Ардчилсан нийгэмд ард түмний хүсэмжлэл төрийн шийдвэр болох ёстой.
Манай зарим УИХ-ын гишүүд "Парламент бол ард түмнээс эх сурвалжтай" гэж ярих дуртай бөгөөд энэ нь ч үнэн. Тэгвэл тэрхүү эх сурвалж болсон ард түмэн "Хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг хуультай болъё" хэмээн шаардаж байхад яагаад үүнийг эсэргүүцээд байгаа юм бэ?
Монгол Улсын 3.5 сая иргэнийг нийтэд нь төлөөлдөг ганц субьект бол нийт ард түмнээс сонгогддог Монгол Улсын Ерөнхийлөгч юм. УИХ-ын гишүүн зөвхөн тухайн тойргийнхоо иргэдийг төлөөлдөг бол, төрийн тэргүүн нийт ард түмнийхээ үзэл санааг дотоод, гадаадад илэрхийлэх эрхээ Үндсэн хуулиар олгогдсон байдаг. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ хүсэмжлэлийг хуулийн төсөл болгон УИХ-д өргөн барьсан.
Хэрэв энэ УИХ үнэхээр ард түмнээс эх сурвалжтай л юм бол төрийн тэргүүний өргөн барьсан, ард түмний хүсэж буй хариуцлага тооцдог энэхүү хуулийг хэлэлцэж батлах ёстой. Эс тэгвээс ард түмнийхээ эсрэг нулимж байгаатай адил хэрэг болно.
Энэ хууль батлагдах хүртэл төрийн тэргүүн хуулийн хүрээнд тууштай ажиллаж, ард түмнээрээ хэлэлцүүлэх зэрэг олон арга хэмжээг авах болно.
Энд сууж байгаа УИХ-ын гишүүд, бидний зүг чигийг заагч луужин болсон Монголын түүхчид та бүхэн хэн нь хэрхэн санал өгч, гар өргөж байгааг харсан байх. Нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Энэ бол тоглоом биш шүү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.