Ц.Сандаг-Очир: Туулын хурдны зам төслийг хуульд нийцүүл гэснийхээ төлөө манай яам хариуцлага хүлээхгүй!
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироос Туулын хурдны зам төсөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар тодрууллаа.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Туулын хурдны замын төслийн барилгын ажил одоогоор бүрэн зогссон бөгөөд талбайд зөвхөн ажилчдын түр байр л барьж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч болох Улаанбаатар хотын захиргаанаас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө энэ долоо хоногийн даваа гарагт манай яаманд ирүүлсэн. Одоогоор холбогдох газрууд уг төлөвлөгөөтэй танилцаж, судалж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байна.
Намайг ажил авахаас өмнө уг төлөвлөгөөг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр нэг удаа буцааж байсан бол одоо ийнхүү хоёр дахь удаагаа хянаж байна.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороон дээр зарим гишүүдийн зүгээс Туулын хурдны замын төсвөөр тэтгэвэр нэмэх санал гаргасан байна?
-Манай яаманд хамааралгүй тул бид зөвхөн өөрийн салбарын асуудалд анхаарч ажиллана. Олон нийтийн дунд уг төслийг "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй" гэх ташаа мэдээлэл тархсан байна.
Үүнийг залруулахад, төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь гуравдугаар сарын 19-нд батлагдсан. Харин "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө" нь батлагдаагүй байхад ажлаа эхлүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон юм. Тиймээс бид хуульд нийцүүлж, менежментийн төлөвлөгөөгөө батлуулсны дараа ажлаа үргэлжлүүлэх шаардлагыг тавьсан.
Хотын даргын зүгээс "Төсөл зогсоосон албан тушаалтнаас алдагдлаа нэхэмжилнэ" гэх байр суурийг илэрхийлсэн?
-Гүйцэтгэгч компани хуулийн бүрдэл хангаагүй, менежментийн төлөвлөгөө батлагдаагүй байхад ажил эхлүүлж, тодорхой хэмжээний мод, бут сөөг тайрсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм.
Үүнийхээ төлөө тухайн компани өөрөө хариуцлага хүлээх ёстой. Хуулиа хэрэгжүүлж, шаардлага тавьсныхаа төлөө манай яам ямар нэгэн хохирол төлөх үндэслэлгүй. Бид хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Хэрэв хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохгүй, хяналт тавихгүй орхивол эргээд манай яамны холбогдох албан тушаалтнууд хууль хяналтын байгууллагын өмнө хариуцлага хүлээх эрсдэлтэй.
Бидний зорилго бол энэхүү төслийг гацааж, зогсоох биш, харин анхнаас нь хууль тогтоомжийн дагуу, зөв гольдролоор явуулах явдал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.