Хаврын халуурал халуурал буюу Төв талбай, Төрийн ордон тойрсон 4 жагсаал

Төв талбайд өнөөдөр хэд хэдэн жагсаал зэрэг өрнөж байна.

Туул голыг хамгаалах иргэдийн хөдөлгөөн 28 дахь өдөртөө үргэлжилж байна. Жагсагчид 32 км үргэлжлэх, 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй "Туулын хурдны зам" төслийг эсэргүүцэж байгаа бөгөөд Хотын дарга Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж байна. Тэд байгаль орчноо хамгаалахын тулд хариуцлагатай шийдвэр гаргахыг уриалж, шаардлагадаа гарын үсэг зурахыг шаардаж байгаа юм.

Мөн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж буй эрчим хүчний салбарын ажилчдын жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэд цалингаа нэмүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байгаа бөгөөд эрх ашгаа хамгаалахаар тууштай тэмцэхээ илэрхийллээ.

Төрийн ордны баруун талд ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохыг шаардан 11 сарын турш жагсаж байна. Тэд одоог хүртэл тодорхой үр дүн гараагүй байгаад шүүмжлэлтэй хандаж, холбогдох хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг шаардав. Ахмадууд Засгийн газар болон улс төрийн намуудын удирдлагуудад хандан тэтгэвэр нэмэх асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриалж байна.

Түүнчлэн Төрийн ордны зүүн хаалган дээр "Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид болон ажилчид 40 дэх өдрөө цуглаад байна. Тэд холбогдох хүмүүсээс 70 тэрбум төгрөгөө нэхэмжилж, компанийн үйл ажиллагааг эхлүүлэн ашиглалтад оруулахыг шаардаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.