Зэс боловсруулах үйлдвэрээ дагуулаад хүхрийн хүчлийн үйлдвэр байгуулж, хятад руу экспортлох нь зөв үү?

Жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 120 мянган тонн цэвэр зэс боловсруулах хүчин чадалтай, 800 сая ам.долларын хөрөнгө оруулалттай үйлдвэрийн тендер 2026.04.15-нд зарлагдсан.  Энэ үйлдвэр жилд 546 мянган тонн хүхрийн хүчил үйлдвэрлэх нөөц боломжтой  аж. Гэвч үйлдвэрсэн хүхрийн хүчлээ хатуугаар БНХАУ руу экспортлох асуудал яригдаж эхэлжээ.

Гэвч манай улс уран олборлоход хүхрийн хүчил шаардлагатай. Өөрөөр хэлбэл, коксжисон нүүрсээ хятад руу хямд өртгөөр өгөөд үнэтэй хагас кокс буцааж явдаг шиг үйлдэл болохвий гэх болгоомжлол гарч эхэлжээ. 

Уг асуудлаар уул уурхайн салбарын мэргэжилтэй УИХ-ын гишүүдийн байр суурийг бид сонслоо.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

-Зэс боловсруулах үйлдвэрийн тендер зарлагдсан нь Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. Бид энэхүү төслийг бараг 20 гаруй жил хүлээсэн бөгөөд одоо л бодит ажил хэрэг болох шатандаа орж байна. Уул уурхайн салбараас эдийн засаг нь шууд хамааралтай манай улсын хувьд энэ салбар өөрөө эдийн засгаасаа түрүүлж төрөлжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага тулгарч байна.

Зэс боловсруулах үйлдвэр бол Монгол Улсын хөгжлийн үндсэн гарц, үйлдвэржсэн орон болох зорилтын гол тулгуур юм. Аж үйлдвэржилтийн явцад зэс хайлуулах үйлдвэрээс дайвар бүтээгдэхүүн байдлаар хүхрийн хүчил ялгардаг. Хүхрийн хүчилгүйгээр орчин үеийн аж үйлдвэр, тэр дундаа металл боловсруулах салбарыг төсөөлөх аргагүй юм.

Хөгжингүй орнуудын жишгээр эдгээр дайвар бүтээгдэхүүнийг дараагийн шатны үйлдвэрлэлд ашиглах замаар эдийн засгийн эко системийг бүрдүүлдэг. Монгол Улс ч мөн адил хүхрийн хүчлийг дотоодын бусад үйлдвэрлэлдээ ашиглаж, шаардлагатай орц, бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэдэг болсноор аж үйлдвэржилтийг цогцоор нь хөгжүүлэх боломж бүрдэнэ.

Хүхрийн хүчил нь аюултай бүтээгдэхүүнд тооцогддог тул тээвэрлэхэд өндөр зардал, эрсдэл дагуулдаг. Тиймээс үүнийг Хятад руу экспортлох нь эдийн засгийн хувьд үр ашиггүй бөгөөд зах зээлийн өрсөлдөөний хувьд бараг боломжгүй юм.

Хятад улс өөрөө аж үйлдвэржсэн том гүрний хувьд асар их хэмжээний хүхрийн хүчлийг хямд зардлаар үйлдвэрлэж, дотооддоо ашигладаг. Бид бага хэмжээний бүтээгдэхүүнээр тэдний зах зээлд өрсөлдөх боломж хомс тул дотооддоо ашиглах эко системийг бүрдүүлэх нь хамгийн зөв гарц юм.

УИХ-ын гишүүн А.Ундраа: УИХ-ын гишүүн А.Ундраа: Үр ашигтай юу, нөлөөллөө зөв тооцсон уу гэдэг чухал. Ашиггүй бол хэрэггүй

УИХ-ын гишүүн Б.Уянга: Зэс боловсруулах үйлдвэр барихдаа хариуцлагатай, технологи сайтай, өмнө нь төсөл хэрэгжүүлсэн туршлагатай команийг оруулах хэрэгтэй

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.