Б.Ганбаяр: Х.Нямбаатар цэвэр санхүүгийн гэмт хэрэг үйлдэж байна
Туул голын голдирол дагуу хурдны зам барих шийдвэр нь олон нийтийг талцуулж, ихээхэн маргаан дагуулж байна. Хурдны зам барихыг хэн ч эсэргүүцээгүй боловч яагаад заавал голын голдирол дотор, байгаль орчинд хор хөнөөлтэй байршилд барих гээд байгаа нь ойлгомжгүй юм.
Энэхүү байршлын асуудлыг эхлээд шийдэж, иргэдэд үндэслэлтэй тайлбар өгөх ёстой. Миний харж буйгаар энэ бол зөвхөн замын асуудал биш, цаанаа санхүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нууж байж болзошгүй байна. Нийслэлээс гаргасан 500-800 тэрбум төгрөгийн бондын зарцуулалт, гүйцэтгэлийн тайлан хаана ч байхгүй, олон нийтэд ил тод биш байна.
Хөрөнгийн биржийн сайт дээрх мэдээллүүд дутуу, аудитын дүгнэлтүүд байхгүй байгаа нь эдийн засгийн ноцтой асуудал үүссэнийг илтгэж байна. Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн бирж энэ асуудалд яагаад таг чиг байна вэ? Төрийн байгууллагуудын энэхүү "эс үйлдэхүй" нь өөрөө Эрүүгийн хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчиж буй хэрэг юм.
Түүнчлэн "Хишиг булаг" компанитай холбоотой луйврын хэрэг шүүхийн шатанд байгаа нь албан тушаалтнуудын санхүүгийн хариуцлагагүй байдлыг нотолж байна. Хууль хяналтын байгууллагынхан санхүүгийн нарийн мэдлэггүй байгааг Х.Нямбаатар давуу тал болгон ашиглаж байна. Цагдаа, прокурор, шүүгчдийн дунд санхүүгийн тайлан унших, бонд болон хувьцааны механизмыг ойлгох мэргэжилтэн ховор байгаа нь шударга ёс тогтоход саад болж байна.
Хууль зүйн сайд байсан хүний хувьд тэрээр энэхүү системийн сул талыг маш сайн мэддэг учраас иргэдийг хохироож байна. Бид зөвхөн нэг хүнтэй биш, тогтолцооны алдаатай тэмцэх ёстой. Туул голоо хамгаалж, санхүүгийн луйврыг зогсоохын тулд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хандаж, Санхүүгийн зохицуулах хороонд шалгалт оруулах шаардлагатай. Системийн цоорхойг засахгүй бол дараагийн "Нямбаатар" гарч ирээд энэ алдааг дахин ашиглах болно. Асуудлыг том зургаар нь харж, цогц шийдэл гаргах цаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.