Ц.Батболд: Туулын хурдны зам төсөл нь хууль зөрчсөн гэж үзэн уг төслийг хүчингүй болгох талаар шүүхэд хандлаа

Монгол Улсын иргэн Цогбадрахын Батболд миний бие Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын санаачлан хэрэгжүүлж буй "Туулын хурдны зам" төслийг эсэргүүцэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Уг төсөл нь анх НИТХ-аар хэлэлцэгдэж батлагдахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Усны тухай хууль, Авто замын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Төслийн явцад хуульд заасан зохих дүгнэлт, үнэлгээг хийлгүйгээр, шаардлага хангаагүй нөхцөлд асуудлыг оруулж батлуулсан нь үндэслэлгүй юм.

НИТХ-ын 45 төлөөлөгч 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Төслийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" 25/123 дугаартай тогтоолыг баталсан. Гэвч энэхүү шийдвэрийг гаргахдаа иргэдийн төлөөллийн байгууллага хуульд заасан хяналтын чиг үүргээ хэрэгжүүлээгүй, асуудалд өнгөц хандаж, зөвхөн улс төрийн шийдвэр гаргах замаар төслийг дэмжсэн байна.

Иймд уг тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байгаа юм. Миний бие өмгөөлөгчийн хувьд Өмгөөллийн тухай хууль болон Улсын Дээд шүүхийн 2023 оны 30 дугаар зөвлөмжийн дагуу нийтийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Уг төсөл хэрэгжсэнээр байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, нийслэлчүүдийн ундны цэвэр усны нөөц устаж үгүй болох бодит аюул нүүрлээд байна. Энэ нь нийтийн эрх ашигтай шууд холбоотой асуудал тул нийслэл хотын иргэдийг төлөөлөн шүүхэд хандаж буй хэрэг юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд хуульд заасан долоо хоногийн хугацаанд захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх журамтай. Энэхүү тэмцэл нь хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, байгаль орчноо хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилготой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.