Хотын орлогч А.Амартүвшин: Бид гэр бүлийнхэнтэйгээ дотуур хувцсаа сольж өмсдөггүйтэй адил халбага, сэрээ, тавгаа ч сольж болохгүй.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нийгмийн эрүүл мэнд, хүүхэд хамгааллын чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй гурван томоохон ажлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хүний папиллома вирус, хеликобактерийн халдвар болон үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн талаараа мэдээллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин:
-Нийслэлийн хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд вакцины хамрагдалт хангалтгүй байсан бол НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласнаар өнөөдрийн байдлаар 65.5 хувьд хүрчээ. Энэ үзүүлэлтийг зургаадугаар сарын 1-ний дотор 100 хувьд хүргэх зорилт тавьсан.
Дараагийн томоохон ажил бол хеликобактерийн халдвартай тэмцэх 3-4 жилийн хугацаатай хөтөлбөр юм. Эхний ээлжид нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдүүдээс шинжилгээ авч, суурь судалгааг гаргасны үндсэн дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран эмчилгээний ажлыг эхлүүлнэ.
Нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөг гаргаж, бүх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр хангаж байгаа бөгөөд хувийн хэвшлийн байгууллагуудад ч ижил стандарт шаардаж байна.
Бид хувийн ариун цэврээ сахиж, дотуур хувцсаа бусадтай хольж хэрэглэдэггүйтэй адил хоолны аяга, халбага, сэрээг ч мөн гэр бүлийн гишүүн бүр тус тусдаа хэрэглэж хэвших нь нэн чухал юм. Аав, ээж, эмээ, өвөө гээд хүн бүр өөрийн гэсэн аяга тавагтай байх нь эрүүл ахуйн наад захын соёл бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх үндэс болно.
Гэвч бидний уламжлалт сэтгэхүйд хүүхэд залуус аяга тавгаа тусгаарлахыг "ахмадуудаасаа сэжиглэж байна" гэж ташаа ойлгох тохиолдол бий. "Өвөө, эмээгээсээ бузарлана гэж юу байх вэ" гэх мэт хуучинсаг хандлагаас салж, энэ бол ердөө л халдварт өвчнөөс гэр бүлээ хамгаалж буй шинжлэх ухаанч арга барил гэдгийг ойлгох хэрэгтэй.
Энэхүү зөвлөмж нь хувь хүний зохиосон зүйл биш бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гаргасан албан ёсны зааварчилгаа юм.
Гэр ахуйн хүрээнд аяга тавгаа тусгаарлаж, халбага сэрээгээ дамжуулан хэрэглэхгүй байснаар бид хеликобактерийн халдваргүй, эрүүл орчныг бүрдүүлж чадна.
Цаашид бид энэхүү соёлыг ахуйн хүрээнээс хальж, ирэх есдүгээр сараас эхлэн бүх шатны хоолны газрууд, ресторан, кафе болон үйлчилгээний байгууллагуудад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн стандартыг чангатгаж, олон нийтэд чиглэсэн сурталчилгааны ажлуудыг эрчимтэй зохион байгуулах болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.