УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Туулын хурдны зам Харбины гэрээтэй ч холбоотой байх сэжүүр байна!

Түр зогсоод байсан Туулын хурдны замын төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас дахин үргэлжлүүлэхээр болсон ч сөрөг хүчин болон иргэдийн зүгээс төслийг бүрмөсөн зогсоох шаардлага тавьж байна. Уг асуудалд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн байр суурийг сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төслийг эсэргүүцэж буй гол үндэслэл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл болон тендер шалгаруулалтын үйл явц тодорхой бус байгаатай холбоотой. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй гэх болгоомжлол байгаа тул нийслэлийн удирдлагууд эдгээр асуудлыг нэн даруй тодорхой болгох шаардлагатай. Эс бөгөөс улс төрийн түвшинд үл ойлголцол үүсэж, хяналт шалгалтын явцад хүндрэл учрах эрсдэлтэй байна.

нөгөө талаас Монгол УУлс бол төсвийн нэгдсэн бодлоготой улс. Улсын төсөв, орн нутгийн төсвийг нэгдсэн нэгдсэн төсөв гэж явдаг. Улсын нэгдсэн төсвийн бодлогын хүрээнд нийслэлийн төсөв болон бонд босгох асуудлыг нарийн зохицуулах ёстой. Хэдийгээр томоохон төслүүдийг бондоор санхүүжүүлэх нь буруу биш ч, эргэн төлөгдөх нөхцөл болон эдийн засгийн тооцоолол нь бодит байдалд нийцсэн байх нь чухал.

Хэрэв нийслэлийн зүгээс хөрөнгө оруулалтын өртөг нь боломжийн, авлига ашиг сонирхлоос ангид, түгжрэлийг бодитой бууруулж чадна гэдгээ нотолж чадвал төсөл хэрэгжих боломжтой. 

Гэвч Туулын хурдны замын төслийн орлогын төсөөлөл хэт өөдрөг, бодит бус харагдаж байна. Тухайлбал, өдөрт 180 мянган автомашинаас тус бүр 5 мянган төгрөгийн хураамж авч, жилд 92 сая ам.долларын орлого олно гэж тооцсон нь секунд тутамд хоёр автомашин тасралтгүй зорчино гэсэн үг юм. Энэхүү тооцоолол нь бодид байдалд нийцэхгүй байна.  

Яг нарийн тоо ярьдаг Төсвийн байнгын хороон дээр гэхэд Туулын хурдны замын ТЭЗҮ-ийн талаар хангалттай мэдээлэл өгөөгүй. Нэг зураг үзүүлээд, ChatGPT ярьсаар байгаад л таарсан.  Иймэрхүү хүч түрж, дээрэнгүй байдлаар асуудалд хандах нь олон нийтийн эсэргүүцлийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Түүнчлэн энэхүү төсөл нь "Харбины гэрээ" болон хил холболтын төмөр замын асуудалтай холбогдож байж болзошгүй сэжүүрүүд ажиглагдаж байна. 

Хил холболтын төмөр замтай холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Түүний дараа гэрээ соёрхон батлуулахаар УИХ, Байнгын хороон дээр орж ирэхэд нийслэлийн дэд бүтэцтэй холбоотой ажлууд дээр хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих чиглэл орж ирсэн. Хаана ч байхгүй, огт яригдаагүй зүйл яагаад орж ирэв гэдэг нэлээн сэжигтэй байна. 

Тиймээс энэ асуудлууд хоорондоо уялдаа, холбоотой юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна. 

Тухайлбал, Сэлбэ дэд төвийн 500 сая ам.долларын бондын санхүүжилтээр хэрэгжих төсөлд шалгарсан компаниудын дийлэнх нь гадаадын хөрөнгө оруулалттай байгаа нь анхаарал татаж байна. Иймд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй томоохон төслүүдийг хооронд нь уялдуулж, иргэдийн мэдэх эрхийг ханган, бүх үйл явцыг ил тод, нээлттэй болгох нь зүйтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.