Ө.Шижир: Туулын хурдны замыг зогсоож байгаа бол хятад компанид урьдчилгаа болгож өгсөн 621 тэрбум төгрөгийг хэн буцааж төлөх юм

Туул голын дагуух авто замын төслийг зогсоох шийдвэр гарлаа. Ардчилсан намын бүлгээс энэ асуудлаар анхлан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн байр суурийг сонссон юм.

Хууль хяналтын байгууллага шалгалт хийж, эргэлзээтэй асуудлуудад цэг тавьсны дараа л аливаа ажлыг үргэлжлүүлэх ёстой гэдэг зарчмыг бид баримталж ирсэн. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын иргэдийн саналаар сонгогдсон атлаа тэднийхээ хүсэлт, байр суурийг сонсож, нэгдсэн ойлголтод хүрэхийн оронд хүч түрэн зүтгэсэн нь үл ойлголцол, бухимдлыг төрүүлэв.

Дэлхийн аль ч улс оронд томоохон төсөл хэрэгжүүлэхдээ олон нийтэд зөв мэдээлэл өгч, ойлгуулах ажлыг нэн тэргүүнд тавьдаг. Гэтэл манай хотын удирдлагууд үнэмлэхүй засаглаж байгаадаа эрдэж, иргэдийнхээ өмнө хэн ч саад болох ёсгүй мэт бүдүүлэг хандлага гаргаж, улайран дайрлаа. Төслийн ач холбогдлыг зөв талаас нь тайлбарлахын оронд Туул голоо хамгаалахаар дуу хоолойгоо хүргэсэн иргэдийг "төлбөртэй жагсагчид", "зохион байгуулалттай гүтгэгчид" хэмээн доромжилсон нь харамсалтай.

Бүр сүүлдээ дүүргийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, хотын орлогч нар нь нийлж иргэдийнхээ эсрэг жагсаал хийсэн нь дэлхийд байхгүй гажиг тогтолцоо юм. Энэхүү зохисгүй үйлдэл нь иргэдийн бухимдлыг улам дэвэргэсэн үр дүнд хүргэлээ. Засгийн газраас төслийг зогсоосон тухай мэдээлэл гарсан ч хэд хэдэн ноцтой асуудал нээлттэй үлдэж байна. Нэгдүгээрт, урьдчилгаа төлбөрт олгосон 621 тэрбум төгрөгийг хэн, хэрхэн төлөх вэ? Энэ бол татвар төлөгчдийн асар их мөнгө.

Хоёрдугаарт, Туул голын бургасыг олноор нь огтолж, байгаль орчинд учруулсан хохирлыг хэн хариуцах вэ? Засгийн газар эдгээр асуудлыг нэн даруй тодорхойлох ёстой. Хэрэв төслийг бүрмөсөн зогсоож байгаа бол урьдчилгаанд төлсөн 621 тэрбум төгрөгийг хэнээс, яаж буцааж авахыг тодорхой болгох хэрэгтэй. Мөн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг тогтоож, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх нь зүй ёсны шаардлага юм. Төсөл өөрөө хуульд нийцээгүй гэх дүгнэлт гарсан тул зөвхөн "зогсоолоо" гэх шийдвэрээр хязгаарлагдахгүй, хариуцлагын асуудлыг нийгэмд нээлттэй мэдээлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.