Б.Пүрэвдорж: МАН малчдыг хулхидсан

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2024 онд батлагдаад хэрэгжээгүй Малчны тухай хуулийг хөндлөө. Уг хуулиар малчны НДШ-ийг нэг удаа төрөөс төлөх ёстой байсан ч хууль дагасан журам нь гарахгүй байсаар уг хууль хэрэгжихгүй, үйлчлэл нь дууссан юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Малчдын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) нэг удаа нөхөн төлөх боломжийг дахин олгох тухай саналыг тогтмол ирүүлж байна. Өмнө нь 2021 онд хэрэгжсэн хуулийн хүрээнд 16 мянга гаруй малчин, 6 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдаж, нийгмийн баталгаагаа хангах боломж бүрдэж байсан юм. Энэхүү арга хэмжээний үр өгөөж их байсан тул малчид уг хуулийг дахин хэрэгжүүлэх хүсэлтийг тасралтгүй тавьсаар ирлээ.

Уг хүсэлтийн дагуу Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нарын гишүүд Малчны тухай хуулийг санаачлан 2024 оны 5 дугаар сард батлуулсан. Энэхүү хуулиар малчдын НДШ-ийг нөхөн төлөх асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тусгасан байсан юм. Гэвч Засгийн газрын зүгээс холбогдох журмыг баталж гаргалгүй хугацаа алдсаар, өнгөрсөн хугацаанд энэ асуудал орхигдож, хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болсон.  

МАН 2024 оны сонгуулиар малчдын тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ гэж амлаж саналыг нь авчихаад бодит байдал дээр тэднийг хулхидсан гэсэн үг.

Тийм учраас миний бие Малчны тухай хуулийн уг заалтыг дахин нэг жилийн хугацаагаар сунгах хуулийн төслийг санаачлан, өнөөдрөөс эхлэн гишүүдийн гарын үсгийг цуглуулна.

Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд болон МАН-ын бүлгийн удирдлагууд энэ хуулийг "амилуулах" тал дээр идэвхтэй ажиллах ёстой.

Өнөөдөр малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Малын үнэ ханш өсөх хандлагатай байгаа төдийгүй ОХУ руу мах экспортлох боломж нэмэгдэж байгаа нь малчдын орлогод эерэгээр нөлөөлөхөөр байна.

Мөн малын түүхий эд, арьс шир, ноос ноолуурын уламжлалт зах зээл сэргэж байгаа энэ үед малчид орлогоороо нийгмийн баталгаагаа хангах, НДШ-ээ нөхөн төлөх бүрэн боломжтой болж байна.

Миний бие уг хуулийн төслийг ирэх оны 7 дугаар сарын 1-ийг хүртэл хэрэгжүүлэхээр өргөн барих бөгөөд УИХ-ын гишүүдийг маш шуурхай дэмжиж өгөхийг хүсэж байна. Малчид та бүхэн ч орон нутагтаа ажиллаж байгаа гишүүдэд энэ асуудлыг тууштай тавьж, шаардлага хүргүүлэх хэрэгтэй. Хэрэв малчдын эрх ашгийг хамгаалсан энэ хуулийг дэмжихгүй бол дараагийн сонгуулиар хариуцлага тооцох болно гэдгийг эрх баригчдад сануулах нь зүйтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.