БЗД-ийн 43-р хорооны хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барьж эхэлснийг оршин суугчид эсэргүүцэн, байрныхаа гадаа жагсаж байна

Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны оршин суугчид хүүхдийн тоглоомын талбай барихаар төлөвлөж байсан газар дээр барилгын ажил эхэлснийг эсэргүүцэн жагсаал хийлээ.

 Тухайн хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Наранбаяр ажиллаж байсан бөгөөд иргэд түүнд хандан нөхцөл байдлыг танилцуулж, дуу хоолойгоо шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж өгөхийг хүссэн юм. УИХ-ын гишүүн Ч.Наранбаяр хэлэхдээ, 2023 оны 7 дугаар сард тус газрыг нийтийн өмчийнх болгох саналыг хотын удирдлагуудад хүргүүлж байсан боловч харамсалтай нь шийдэгдээгүйг онцоллоо.

Одоо тус талбай дээр хувийн компани 16 давхар хоёр ч барилга барихаар төлөвлөж байгаа нь оршин суугчдын аюулгүй байдал, амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Тухайн орчин нь галын машин орох зайгүй, үерийн ус ихээр цуглардаг эрсдэлтэй бүс тул барилга барих боломжгүй гэдгийг тэрээр тэмдэглэв. Гишүүний зүгээс иргэдийн хүсэлтийг Хотын дарга Х.Нямбаатар болон Барилга, хот байгуулалтын яаманд албан ёсоор уламжлахаа амлалаа.

43 дугаар хорооны Засаг дарга Заяагийн мэдээлснээр, тус хороо нь хүн ам, барилга байгууламж маш ихтэй бөгөөд улсын сургуульгүй цорын ганц хороо юм. Нийт 4400 гаруй хүүхэд бусад хорооны сургуульд хуваарилагдан суралцдаг байна. Тиймээс иргэд энэ мэт сул газруудыг сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж эсвэл авто зогсоолын зориулалтаар ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, барилгын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байна.

 Оршин суугчид Хотын дарга Х.Нямбаатарыг өмнө нь өгсөн амлалтдаа хүрч, энэ газрыг нийтийн эзэмшилд үлдээхийг шаардаж байгаа юм. Тэд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өдөр бүр 18:00 цагт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар тохиролцов. Мөн айл бүр цонхон дээрээ барилгын ажлыг эсэргүүцсэн лоозон байршуулж, хотын удирдлагуудыг биеэр ирж уулзах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Тус хорооны нутаг дэвсгэрт барилга хоорондын зай, стандарт алдагдсан, хөрсний усны асуудал хүндэрсэн зэрэг олон зөрчил байгааг иргэд шүүмжилж байна. Тэд зөвхөн өөрсдийн тав тухыг бус, ирээдүй хойч үеийнхээ сурч боловсрох, тоглож наадах эрхийг хамгаалахын тулд энэхүү тэмцлийг эхлүүлээд байгаагаа онцлон хэлж байв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

У
Уншигч 1 сар, 4 долоо хоног
Зөв ш дээ, хүүхдүүд тоглох, хөгшчүүл нарлах талбайгаа хамгаал