Өнөөдөр УИХ дээр юу болох вэ?
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэх бөгөөд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.
Тодруулбал, гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр хэлэлцэж, гишүүд 90 минутын хугацаанд асуулт асуух боломжтой.
Үүнээс гадна Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, 60 минутын хугацаанд асуулт асууж хариулт авах юм.
Мөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд уг асуудлаар 120 минутын хугацаанд асуулт, хариулт өрнөнө. Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын асуулгын цаг үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.