Иргэд: Скүүтер унаад машин замаар явахаар машин мөргүүлчих гээд явган хүний замаар явахаар явган хүн мөргөчих гээд хүндрэлтэй байдаг

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шат дараатай ажлуудыг хийж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг явган хүний замаар скүүтер, мопед явуулахгүй байх зохицуулалтыг эхлүүлээд байна.

Цахилгаан дугуй болон скүүтер хэрэглэгчдэд замын хөдөлгөөнд оролцоход тун хүндрэлтэй байна. Авто замаар явахад автомашинууд шахаж мөргөх эрсдэлтэй бол, явган хүний замаар явахад хүн мөргөх аюултай байдаг. Гэтэл сүүлийн үед цахилгаан дугуй болон скүүтерээр явган хүний замаар зорчихыг хориглож, зөвхөн авто замын хөвөө эсвэл баруун гар талын эгнээг дагаж явах журам хэрэгжиж эхэлсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Зориулалтын дугуйн замгүй орчинд ийм шийдвэр гаргасан нь амьдралд нийцэхгүй, түр зуурын арга хэмжээ мэт санагдаж байгааг хэрэглэгчид хэлж байна. Дэд бүтэц нь бүрдээгүй байхад иргэдийг шууд авто зам руу "түлхэн" гаргаж байгаа нь аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй юм. Тиймээс энэ дүрэм удаан хэрэгжихгүй, иргэд эргээд л явган хүний замаар зорчиж эхэлнэ гэх хандлага давамгайлж байна.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг эрчимжүүлж, иргэдэд заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна. Тухайлбал, скүүтер болон цахилгаан дугуйг 16-аас дээш насны иргэд унах, бага насны хүүхэд сундалахгүй байх, явган хүний гарцаар гарахдаа дугуйнаасаа бууж түрж гарах зэрэг шаардлагыг тавьж байгаа юм. Хяналт тавьж эхэлснээс хойш иргэд тодорхой хэмжээнд ойлголттой болж, шаардлагыг биелүүлж эхэлж байгаа ч зарим хэсэгт замын хөвөө байхгүй зэрэг бодит хүндрэлүүд гарсаар байна.

Ерөнхийдөө явган хүний аюулгүй байдлыг хангах үүднээс гаргасан энэхүү шийдвэрийг зөв гэж үзэж байгаа ч зориулалтын зам байхгүй нөхцөлд бүрэн хэрэгжих боломж муу байна. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд зөвхөн хориглох биш, эко тээврийн хэрэгсэлд зориулсан дэд бүтцийг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг олон нийт онцолж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.