Ж.Золжаргал: Харбины гэрээ нууц биш гээд байгаа юм гаргаад тавь л даа, хаана байна?

УИХ-ын гишүүн А.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах санал УИХ дээр унасан. Тэгвэл цаашид яах вэ гэх асуудалд хөндөгдөж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын байр суурийг сонслоо. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Хэдийгээр УИХ уг санаачилгыг дэмжээгүй ч бид дараагийн алхмаа хийх ёстой. Иргэд мэдээлэл авах, үнэнийг мэдэх эрхтэй. Биржийн болон амны үнийн зөрүү, хуучин гэрээнүүдийн жишгийг дагаснаас үүдэх алдагдал зэрэг эргэлзээтэй асуудлууд тодорхой байна.

Зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч алдагдлын хэмжээ хэлбэлзэж байгаа ч энэ нь асар их дүн гэдэг нь ойлгомжтой. Тиймээс бид Харибины гэрээнээс болж хэдий хэмжээний боломж алдаж байгаагаа бодитоор тооцох шаардлагатай. 

Хоёрдугаарт, нүүрсний үнэ тооцох томьёолол, аргачлал нь Монгол Улсад хэр ашигтай байгааг нягтлах хэрэгтэй.

Гуравдугаарт, зөвхөн сорчилсон сайн нүүрсийг гаргах бус, уурхайн олборлолтын хувь харьцаагаар нь нийлүүлэх чиглэлийг УИХ-аас өгсөн. Гэрээнд тусгагдсан гэх харьцаанууд уурхайн төлөвлөлттэй хэрхэн нийцэж байгааг тодруулах нь чухал юм. Анх зөвхөн коксжих нүүрс гаргах санал орж ирсэн ч миний бие бүх төрлийн нүүрсийг хамруулах шаардлага тавьж, хэлэлцүүлгийн шатанд дөрвөн хүсэлт гаргасны нэг нь дэмжигдсэн. Үүнийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг тодорхой болгохын тулд нээлттэй сонсгол хийх зайлшгүй шаардлагатай.

Хэрэв хянан шалгах түр хороо байгуулахгүй бол ядаж сонсгол зохион байгуулах ёстой гэж үзэж байна.

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Харбины гэрээнд нууц зүйл байхгүй, үнийг тийм хямдаар тооцоогүй гэх мэт зүйл ярьдаг?

-Хэрэв нууц биш юм бол гэрээнүүдээ нийтэд ил болгох хэрэгтэй. Мөн Хууль зүйн сайд асан биржийн үнээс 5 хувиар хөнгөлөх тухай бичиг ирсэн гэж ярьж байсан, тэрхүү баримтуудаа ч ил тод болгох ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэрээг сайжруулах боломжтой гэж үзвэл засаад явах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс гэрээг сайжруулах боломж байгаа бол тэр чиглэлд идэвхтэй ажиллах нь зүйтэй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.