Д.Ганбат: Хамтарсан засагт байсан Л.Оюун-Эрдэнэ, Ц.Туваан нар гишүүдийг гуйж Харбины гэрээг хянан шалгах түр хороог дэмжүүлээгүй юм билээ
УИХ-ын 71 гишүүн Харбины гэрээтэй холбоотой нээлттэй сонсгол явуулахын эсрэг санал өгсөн нь ард түмний мэдэх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон тухайн үед хамтарсан засгийн газарт сайдаар ажиллаж байсан О.Цогтгэрэл, О.Туваан нарын гишүүд бусад гишүүдэд нөлөөлж, энэ асуудлыг хаалттай үлдээхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна. Тэдний хооронд ямар тохиролцоо өрнөснийг мэдэхгүй ч, үр дүнд нь иргэд мэдээлэл авах эрхээ хасууллаа. Энэхүү гэрээнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10 тэрбум ам.доллар буюу 36 их наяд төгрөгт хүрээд байгаа нь албаны баримтуудаас тодорхой харагдаж байна. Тухайн үеийн Хууль зүйн сайдын хэлж байснаар нүүрсийг зах зээлийн ханшаас 1.5 хувийн хөнгөлөлттэй буюу 100-105 ам.доллароор борлуулах боломж байтал бодит байдал дээр 50 хувийн хямдралтай буюу 50-60 ам.доллароор өгсөн байна.
Хэрэв энэ алдагдлыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч 3.5 сая иргэндээ хувааж үзвэл нэг хүнд 10-12 сая төгрөг, дөрвөн ам бүлтэй нэг гэр бүлд 40-50 сая төгрөг ногдох байлаа. Ирэх долоо хоногт олгох 63 мянган төгрөгийн ногдол ашиг нь энэ их алдагдалтай харьцуулахад дэндүү харамсалтай дүн юм. "Эрдэнэс Тавантолгой" бол нийт ард түмэн хувьцааг нь эзэмшдэг нээлттэй хувьцаат компани. Тиймээс тус компанийн хийсэн гэрээ хэлцэл, ашиг орлого нь шилэн, ил тод байх ёстой.
Гэтэл сонсгол явуулахын эсрэг кноп дарсан гишүүд одоо "ард түмэн мэдэх эрхтэй" хэмээн ярьж байгаа нь матрын нулимс урсгаж буй хэрэг юм. Үндсэн хуульд зааснаар байгалийн баялаг бол ард түмний өмч бөгөөд иргэд өөрсдийн өмчийнхөө зарцуулалтыг мэдэх бүрэн эрхтэй. Хууль хяналтын байгууллагууд энэхүү илэрхий хулгай, луйврын шинжтэй асуудалд яагаад анхаарал хандуулахгүй байгаа нь гайхалтай байна.
Засгийн газарт авлигатай тэмцэх бодит эр зориг байгаа бол энэ асуудлаас эхлэх хэрэгтэй. Засгийн газрын зарим гишүүд, тухайлбал Н.Учрал болон Гадаад хэргийн сайд нар асуудлыг дэмжиж байхад, Зам тээврийн сайд нь "хил хаана, нүүрс авахгүй" гэх мэтээр бусдын нэрийн өмнөөс үндэслэлгүй мэдэгдэл хийж байгаа нь тусгаар тогтносон улсын сайдын ёс зүйд нийцэхгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ах нарын баасыг арилгасан" гэх ноцтой мэдэгдэл хийсэн. Үүний цаана 10 гаруй жилийн өмнө холбогдох ёстой байсан төмөр замын гацаа, Ганцмод боомтын төмөр замын зөрүүтэй цэгүүд болон Хятадын талд үүссэн алдагдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай асуудал нуугдаж байна. Энэ бүхнийг ард түмэн сонсох ёстой. Мөн сөрөг хүчний намын дарга О.Цогтгэрэл Засгийн газрын хийсэн гэрээг хамгаалж байгаа нь анхаарал татаж байна. Энэ асуудлаар намын дотоод байр суурь нэгдмэл байгаа эсэхийг тэрээр өөрөө тайлбарлах ёстой болов уу.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.