О.Амгаланбаатар: Харбины гэрээг шалгуулахгүйн тулд зарим нь хил хаана гэх мэт ор үндэсгүй худал зүйл яриад, зарим нь шрейкийн муур царайлаад явж байна
2024 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн Ардчилсан намыг (АН) цөөнх байлгаж, эрх баригчдад хяналт тавих 50 суудлыг өгсөн.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН-ынхны үйлдсэн авлига, хулгайг илрүүлж, хяналт тогтоохыг сонгогчид хүссэн юм. Гэвч харамсалтай нь, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар хуйвалдаж, засагт хамтарснаар Монголын ардчиллыг үгүй хийлээ. Сонгуулийн өмнө МАН-ыг хамгийн ихээр шүүмжилж байсан хүмүүс санал хураалтын дараа амлалтаа мартаж, эрх ашгаараа нэгдсэн нь туйлын харамсалтай.
Энэхүү хуйвалдааны нэг тод жишээ нь "Харбины гэрээ" юм. Энэ мэт нууц гэрээ, хэлцлүүдийг хийхийн тулд л тэд эвсэж, ард түмний сонголтыг уландаа гишгэсэн. Одоо энэ гэрээний талаар сонсгол хийх гэхээр эрх баригчид болон тэдэнтэй нэгдсэн нөхдүүд сандарч, сонсголыг гацаахыг оролдож байна. Зарим сайд нар бүр "сонсгол хийвэл хил хаагдаж, нүүрс гарахаа болино" гэх мэт ор үндэсгүй зүйлээр айлган сүрдүүлж байгаа нь тэдний ямар их улайрч байгааг харуулж байна.
Миний бие зөвхөн Харбины гэрээ төдийгүй, өнгөрсөн найман жилийн хугацаанд гарсан бүх булхайг ил болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Ковидын үеийн зарцуулалт, нүүрсний гэрээнүүд, төрийн өмчтэй холбоотой бүх асуудлыг эхнээс нь шалгах шаардлагатай. Гэвч төр дотор нам дамнасан авлигачдын бүлэглэл дахин бий болж, үнэнийг нуун дарагдуулахыг хичээж байна.
АН-ын зарим гишүүдийг Л.Гантөмөр дарга лоббидсон уу гэвэл энэ нь маш тодорхой харагдаж байгаа. Тэрээр гишүүн бүрийн өмнө царай алдан гүйж, сонсголыг эсэргүүцэх лоббиг идэвхтэй хийсэн. Тэд цахилгаан станц барих, эрчим хүчний асуудлыг шийдэх тухай ярьдаг ч сүүлийн найман жилийн хугацаанд хангалттай хөрөнгө мөнгө байхад ганц ч станц барьж чадаагүй. Бэлэн мөнгө тараахаас илүүтэй улс орны хөгжлийн суурь болсон дэд бүтэц, эрчим хүчний салбараа шинэчлэх боломж байсан ч юу ч хийсэнгүй. Өнөөдөр өвөл болоход эрчим хүч, дулааны асуудал хурцаар тавигдаж байна.
Малчдын төлөө ч дорвитой ажил хийгдсэнгүй. Энэ бүхэн нь ердөө л эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх хуйвалдааны үр дагавар юм. Ард түмний хяналт тавих эрх ашгийг умартаж, хувийн болон бүлэглэлийн эрх ашгийг урьтал болгож байгааг бид хүлээн зөвшөөрч болохгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.