ХЗДХ-ийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна 2026 оны 04 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйлчилгээг дүүрэг бүрд хүргэх ажил эхэлж байна. Энэ долоо хоногоос эхлэн хороо, дүүрэг болон орон нутагт явуулын хэлбэрээр эрчимтэй ажиллаж эхэллээ. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх нь нийслэл хотод оршин сууж байгаатай холбоотойгоор энэхүү шинэчлэлийг нэн тэргүүнд хэрэгжүүлж байна.
Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүд гүйцэтгэлийн шатанд очоод удаашрах, гацах, эзэнгүйдэх тохиолдол цөөнгүй гардаг. Хэдийгээр хууль тогтоомжийн дагуу данс хаах, хөрөнгө битүүмжлэх зэрэг арга хэмжээ авч байгаа ч үйл ажиллагааг илүү цэгцтэй, шуурхай болгох шаардлага тулгарч байна. Үүний тулд алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү ойртуулахыг зорьж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн 326 шийдвэр гүйцэтгэгч хотын төвд байрлах ганц байранд төвлөрөн ажиллаж байна. Өдөрт 300-400 иргэн тус газрыг зорьж ирдэг ч асуудал нь шийдэгдэхээсээ илүүтэй гацах нь их байгаа тул иргэдийн дунд гомдол санал их байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэгчдийг дүүрэг, хороодод хуваарилан ажиллуулснаар төвлөрлийг сааруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Нотариат байхгүй болох гэж буй талаар Монголын Нотариатчидын танхимын ерөнхийлөгч Л. Буддоржоос тодрууллаа.
"Нотариат байхгүй болно" гэсэн мэдээлэл огт гараагүй бөгөөд энэ нь ташаа ойлголт юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд А.Амарсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь үзвэл, иргэд улсын бүртгэл болон нотариат дээр олон удаа биеэр очдог хүнд суртлыг халж, зарим үйлчилгээг онлайнаар шийдвэрлэх боломжийн талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, нотариатын зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, зайнаас үзүүлэх шинэчлэлийн тухай ярьсан болохоос биш нотариатыг үгүйсгээгүй.
Одоогийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин хэвээр байгаа бөгөөд нотариатын үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Цаашид ямар үйлчилгээнүүд цахимд шилжиж, алин дээр нь биеэр очих шаардлагатай вэ гэдэг асуулт гарч байна. Олон улсын жишгээр нотариатын үйлчилгээг хоёр ангилдаг. Үүнд, нэг талын хүсэл зоригоор хийгддэг гарын үсгийн баталгаажуулалт, итгэмжлэл болон зарим төрлийн гэрээг цахимаар үзүүлэх бүрэн боломжтой гэж үздэг.
Харин өв залгамжлал, гэрээслэл болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцлүүдийг заавал биечлэн очиж баталгаажуулах шаардлагатай байдаг. Манай улсын хуулийн ажлын хэсэг ч энэхүү олон улсын жишиг, томьёоллын дагуу хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байгаа талаар эрхлэгч Б.Баттуяатай тодрууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамны "Нээлттэй хаалганы өдөрлөг" 4 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын иргэн бүрд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
Иргэд биеийн найрлага тодорхойлох, ясны сийрэгжилт болон даралт үзэх, зүрхний бичлэг хийлгэх, витаминжуулалтад хамрагдах боломжтой. Мөн дотор, мэдрэл, гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө өгч байна. Түүнчлэн Монголд ганцхан байдаг нойрны төвийн эмч нар ажиллаж, нойрны эмгэгийн асуумж, оношилгоог давхар хийж байна.
Үзлэгт хамрагдах иргэд хэвлийн эхо болон цөсөө харуулах бол өлөн ирэх шаардлагатай, бусад тохиолдолд тусгай бэлтгэлгүй ирж болно. Өдөрлөг гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд ТТАНЭ-ийн хоёр асар дээр иргэдийг хүлээн авч, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөмжүүдийг хүргэж байна.
Иргэдэд энэ өдрүүдэд ямар боломж нээлттэй байгаа талаар ЦЕГын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга дэд хурандаа Д.Мөнххуягтай ярилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд гурван өдрийн турш зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд иргэд төрийн олон талт үйлчилгээг нэг дороос, шуурхай авах боломжтой юм. Тухайлбал, иргэд жолооны үнэмлэхээ газар дээр нь шууд хэвлүүлэн авах боломж бүрджээ.
Үүний тулд зохих хураамж болох 19,900 төгрөгийг төлж, бичиг баримтаа үзүүлснээр үйлчилгээг газар дээр нь шийдвэрлүүлж байна. Өдөрлөгийн үеэр жолооны үнэмлэх хэвлэх үйлчилгээ хамгийн эрэлттэй байгаа бөгөөд иргэд олноор цугларч байна. Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Үүнд цагдаагийн байгууллагад ажилд орох хүсэлтэй иргэдэд зөвлөгөө өгөх, дотоодын цэргийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зэрэг ажлууд багтаж байгаа юм. Иргэд та бүхэн Сүхбаатарын талбайг зорьж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагуудын үйлчилгээтэй танилцаарай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.