Монголд “cancel culture” үйлчилдэг үү?

Монголд “cancel culture” үйлчилдэг үү?

Дуучин Б.Амархүүгийн Увс аймагт хийхээр төлөвлөсөн тоглолттой холбоотойгоор орон нутгийн удирдлагын зүгээс байр сууриа илэрхийлж татгалзсан нь олон нийтийн сүлжээнд маргаан дагуулсан юм.

Тодруулбал, Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр сошиал орчинд удаа дараа байр суурь илэрхийлж, уг тоглолтыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос “өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэлээ эдэлж дууссан иргэнийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нь саад учруулах нь хүний эрхийн зөрчил” гэж үзэж, шалгалтын ажиллагаа эхлүүлжээ.

Дуучин Б.Амархүү нь 2018 онд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож, 2019 онд шүүхээс ял шийтгэл хүлээж байсан бөгөөд уг ялаа эдэлж дууссан байдаг.

Харин энэ удаагийн маргаан нь нэг хүний асуудлаас хальж, Монголд “cancel culture” буюу олон нийтийн зүгээс ёс зүйн хариуцлага тооцох ойлголт бодитоор хэрэгждэг эсэх асуудлыг дахин хөндөж байна. 

Сошиал орчинд зарим иргэд орон нутгийн удирдлагыг шүүмжилж, “хүний эрх зөрчсөн” гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “олны танил хүмүүс үлгэр дуурайл үзүүлэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байна.

Олон улсын жишээнээс харвал, тухайлбал БНСУ-д хар тамхитай холбоотой хэрэгт холбогдсон уран бүтээлчид урт хугацаанд уран бүтээлээс хасагдах, олон нийтийн бойкотод өртөх тохиолдол элбэг. Зарим нь олон жилийн дараа ч тайзнаа эргэн гарч чадалгүй, карьераа бүрмөсөн зогсоох нь ч бий. 

Харин Монголд гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэлээ эдэлсэн олны танил хүмүүсийн хувьд уран бүтээл, олон нийтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь түгээмэл байдаг нь Монголчууд “cancel culture” нийгэмд хийж чадах үгүй нь эргэлзээ төрүүлж байна. 

Иймд олны танил хүмүүсийн үйлдэл зөвхөн хувь хүний асуудал биш, нийгэмд нөлөөлөх хариуцлагын асуудал болж байна. Ялангуяа тэдний гаргасан алдаа “хуулийн хариуцлага хүлээгээд өнгөрөх” энгийн үзэгдэл мэт харагдвал өсвөр үеийнхэнд буруу ойлголт суулгах эрсдэлтэй. Тиймээс нөлөө бүхий хүмүүсийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, олон нийтэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх орчныг бүрдүүлэх нь чухал байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.