Зөвхөн буулгахад 300 саяыг зарцуулдаг талбайн асрыг хэзээ буулгах нь тодорхойгүй байна!

Нийслэлийн төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр асар их зардал гарган, төв талбайд "Фүүд фестиваль"-ийн асар барьж байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж байна.

Анх 1.3 тэрбум орчим төгрөгөөр боссон гэгдэх энэхүү байгууламжийг барих болон буулгах ажилд тендер зарлаж, их хэмжээний мөнгө зарцуулдаг нь хотын удирдлагуудын төлөвлөлтгүй, алсын хараагүй шийдвэр болохыг иргэд онцолж байна.

Олон нийтийн сүлжээгээр Ерөнхий сайдбн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу уг асрыг буулгана гэх мэдээлэл тархсан ч энэ нь худал мэдээлэл юм. Учир нь асрыг буулгах эсэх шийдвэрийг Хотын захирагч гаргадаг бөгөөд одоогоор ямар нэгэн тушаал гараагүй байгаа тул нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна.

Хотын менежерийн хэлж буйгаар энэхүү асрыг буулгах өртөг нь л гэхэд 300 сая орчим байдаг. Харин хэзээ буулгах эсэх шийдвэр нь тодорхой болоогүйг хэлж байна. 

Уг нь улсын төв талбай бол иргэд үзэл бодлоо илэрхийлдэг, чөлөөт цагаа өнгөрүүлдэг олон нийтийн нээлттэй орон зай байх ёстой. Гэтэл талбайг бүхэлд нь хамарсан нүсэр асрыг 2 дахь жилдээ барьж, хоолны үйлчилгээ эрхлэх нь талбайн өнгө үзэмжийг гутааж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгааг иргэд, олон нийт шүүмжилсээр байна. 

Мөн үйлчилгээний салбарт төр оролцож, татвар төлөгчдийн мөнгөөр асар барьж өгөх шаардлагагүй гэж үзэх хүмүүс олон байна. Хувийн хэвшлийнхэн бизнесээ өөрсдийн нөөц бололцоогоор, зориулалтын газар нь эрхлэх нь зүйтэй. Төв талбай дээр хоол унд зарж, орчин тойрныг бохирдуулах бус, харин талбайгаа нээлттэй, цэвэр цэмцгэр байлгаж, иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавихыг хотын удирдлагуудаас шаардаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.