С.Мөнхсүх: Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгой руу шилжүүлсэн 20 сая доллар чадамжийг сайжруулах зорилготой байсан. Хэрхэн зарцуулсныг бид мэдэхгүй
Оюутолгой компани 2026 оны нэгдүгээр улирлын тайлангаа сэтгүүлчдэд танилцууллаа. Энэ үеэр Оюутолгой компаниас Эрдэнэс Оуюутолгой руу шилжүүлсэн 20 сая долларын зарцуулалтын талаар тодрууллаа.
Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:
-2021 оны 12 дугаар сард болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 275 дугаар хурлаар 2022 оны төсвийг хэлэлцэх үед гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, ажил хойшлогдсонтой холбоотой маргаантай асуудлууд нэлээд байсан.
Тухайн үед ЭОТ-ийн зүгээс "Бид өнөөдрийг хүртэл менежментийн багт итгэж ирсэн боловч зардал хэтэрлээ. Цаашид төр засгийг төлөөлж буй байгууллагын хувьд хяналтаа сайжруулж, оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Ийнхүү хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд чадварлаг боловсон хүчин болон гаднын зөвлөх үйлчилгээ авах зайлшгүй шаардлага гарсан.
"Эрдэнэс Оюу Толгой" компани нь "Эрдэнэс Монгол"-оос хамааралтай, өөр орлогын эх үүсвэргүй тул энэхүү зардлыг "Оюу Толгой" компани өөрөө санхүүжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.
Үүний дагуу ТУЗ-ийн 274 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, ЭОТ-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу улирал бүр төлбөр тооцоо хийснээр одоогийн байдлаар 18 сая ам.долларыг шилжүүлсэн. Энэхүү шийдвэрийн гол зорилго нь төр засгийг төлөөлж буй ЭОТ-ийн хяналтын чадавхыг бэхжүүлэх байсан.
Харин уг хөрөнгө яг юунд зарцуулагдсан, үүнтэй холбоотой гарч буй хэл амны тухайд бид байр суурь илэрхийлэх боломжгүй.
Энд ямар нэгэн буруу зорилго, далд тохироо байхгүй бөгөөд зөвхөн мэргэжлийн чадавхыг бий болгохыг зорьсон. Зарцуулалтын тайлан, зохицуулалтын талаар ЭОТ өөрсдөө албан ёсны байр сууриа илэрхийлэх ёстой.
Одоогийн байдлаар энэхүү нэмэлт санхүүжилтийн шийдэл дуусгавар болж, хаагдсан. Уг ажил тодорхой хугацаатай байсан бөгөөд тэр хугацаа нь ч дууссан юм.
Цаашид ийм төрлийн асуудалд бид маш болгоомжтой хандана. Зөв зорилгоор эхлүүлсэн ажил хэл ам дагуулж, ойлголтын зөрүү үүсгэх нь хэрэгжүүлэлт болон хяналтын явцад хүндрэл учруулдаг. Тиймээс менежментийн зүгээс цаашид ийм асуудалд өндөр хариуцлагатай, болгоомжтой хандах болно, гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.