Б.Энхтөр: 2025 онд хөрсний экологи, эдийн засгийн үнэлгээг тооцох аргыг шинэчлэн гаргахдаа улам дордуулсан
Би 1984 онд Эрхүүгийн их сургуулийг хөрс судлал, агрономийн мэргэжлээр улаан дипломтой төгссөн. Хөрсний чиглэлээр 40 гаруй жил ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм. Мөн 2006 онд МУИС-ийг биологи, амьтан судлалын чиглэлээр төгсөж, 2008 онд "Монгол оронд сэргээн нутагшуулж буй тахийн биологи, экологийн онцлог" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан.
Ийнхүү би хөрс судлаач болон амьтан судлаач гэсэн хоёр мэргэжлээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Хууль зүй, дотоод хэргийн яамны 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 37/31 дүгээр хамтарсан тушаалаар "Хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал"-ыг шинэчлэн баталсан. Энэхүү аргачлал нь 2010 оноос хойш 15 жилийн дараа шинэчлэгдэж буй боловч өмнөх хувилбараасаа дордож, мэргэжлийн бус түвшинд боловсруулагдсан гэж би үзэж байна. Аргачлалыг шинэчлэх ажлыг ХААИС-ийн багш, газар зүйн мэргэжилтэй Оюунчимэг гэх хүн голлон гүйцэтгэсэн.
Тэрээр үнэлгээний компанитай, олон жил үнэлгээ хийсэн туршлагатай байж болох ч хөрс судлалын нарийн мэргэжлийн хүн биш юм. Хөрс судлаач биш хүн ийм чухал аргачлалыг боловсруулж байгаа нь учир дутагдалтай. Би 40 гаруй жил энэ салбарт ажилласан хүний хувьд энэхүү аргачлалыг мэргэжлийн нүдээр харж, алдаа дутагдлыг нь шүүмжилж байна. Уг аргачлалыг анх Газар зүйн хүрээлэнгийн хөрс судлаач А.Батхишиг боловсруулсан бөгөөд тэрээр нэлээд нухацтай хандсан байдаг.
Гэвч анхны хувилбарт хөрсний шинж чанарын коэффициент (Kpi) болон газар зүйн нөлөөллийн коэффициентуудыг дундажлах уу, эсвэл үржүүлэх үү гэдэг нь тодорхойгүй орхигдсон байсан. Хөрсний шинж чанарыг тодорхойлдог таван хүчин зүйлийн үзүүлэлтийг дундажлан Kpi коэффициентыг гаргах ёстой байтал шинэ аргачлалд үүнийг буруу тусгасан байна. А.Батхишиг 2017 онд бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэлдээ эдгээр коэффициентыг дундажлан бодох ёстойг маш тодорхой заасан байдаг. Тэрээр Сторийн (Storie) аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, академич Д.Доржготов (1984), судлаач А.Энхмаа (2008) нарын судалгаатай харьцуулан энэхүү арга нь хамгийн бодитой үр дүн өгдөг болохыг нотолсон.
Ийнхүү дундажлах зарчим нь шинжлэх ухааны хүрээнд хэдийн батлагдсан асуудал юм. Миний бие Байгаль орчны яамны Үнэлгээ, аудитын хэлтэст хандаж, аргачлалын алдааг засах санал тавьсан. Үүний дагуу эрдэмтдийн уулзалт зохион байгуулахад Оюунчимэг багш болон ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн хөрсний салбарын дарга Ганзориг нар "үржүүлж бодно" гэсэн буруу байр суурин дээр нэгдсэн. Гэвч олонх болсноор шинжлэх ухааны үнэнийг үгүйсгэж болохгүй. Би мэргэжлийн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй байр сууриа тууштай хамгаалах болно.
Сэтгэгдэл (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.