Эцэг эхийн төлөөлөл: 12-р анги төгсөх хүүхдээс сая төгрөг нэхэж байна
Төгсөлтийн баяр дөхөж эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт болж байгаа асуудлаар бид эцэг эхийн төлөөлөлтэй ярилцлаа.
Эцэг эхийн төлөөлөл:
-Эцэг эхчүүдээс их хэмжээний мөнгө татдаг асуудал хэрээс хэтэрсэн. Жишээ нь, манай гэр бүлээс зөвхөн хонхны баярт зориулж нэг сая төгрөг гаргах шаардлага тулгарч байна. Үүн дээр хүүхдийн хувцас хунар, монтаж гээд нэмэлт зардлуудыг тооцвол нэг айлаас багадаа 1.5 сая төгрөг гарч байна. Энэ нь өр зээлтэй, лизингтэй олон гэр бүлд санхүүгийн маш том дарамт болж байна.
Боловсролын яамнаас төгсөлтийн баярт мөнгө хураахыг хориглосон шийдвэр гаргасан ч амьдрал дээр эцэг эхийн зөвлөлүүд үүнийг үл тоомсорлож байна.
Хэдхэн чинээлэг эцэг эх санаачилга гаргаж, өндөр төсөв зохиогоод, бусад нь хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэндээ хэлмэгдэж, чирэгдэн дагахаас өөр аргагүй болдог. Энэ нь эргээд нэг төрлийн авлигын тогтолцоог эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна.
Төгсөлтийн баярын мөнгөөр багш нарт үнэтэй бэлэг авах, сургуульд хандив өгөх, цаашлаад амралтын газарт очиж шоудах зэрэг зохисгүй зардлууд их байна. Хүүхдүүдээ дагуулж амралтад хонуулан, архи дарс ууж найрлах нь дурсамж бүтээх биш, харин ч буруу үлгэр дуурайлал болж байна.
Бид энэ их мөнгийг ганцхан өдрийн зугаа цэнгэлд үрэхийн оронд хүүхдийнхээ ирээдүйн боловсрол, их сургуулийн төлбөрт зориулах нь хавьгүй илүү өгөөжтэй. 12 жил нөхөрлөсөн найз нөхөдтэйгөө баярлаж болох ч заавал ийм өндөр зардал гаргах шаардлагагүй.
Эцэг эхчүүд бие биеэ хөлдөө чирэхгүйгээр, бодит амьдралдаа нийцсэн шийдвэр гаргахыг уриалж байна. Эцэг эхийн зөвлөлийнхөн багштай нийлж шоудах, цугласан мөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг ёс зүйгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Бид боломжгүйдээ биш, харин мөнгөө зөв зүйлд зарцуулахыг л хүсэж байна. Хүүхдийнхээ ирээдүйн төлөө, гэр бүлийнхээ санхүүгийн тогтвортой байдлын төлөө энэ мэт балиар тогтолцоог бүгдээрээ эсэргүүцэж, өөрчлөх цаг болжээ.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.