С.Баярцогтын улс төрийн эргэн ирэлт ба АН-ын дэд дарга нарын томилгоо
Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, Ерөнхий нарийн бичгийн дарга/ЕНБД/ болон дэд дарга нараа томилов. Ингэхдээ ЕНБД-аар сар орчмын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн асан, Сангийн сайд асан С.Баярцогтыг жинхэлсэн нь улс төрийнхний дунд ярианы сэдэв болж байна.
2019 онд шүүхээс 4,8 жилийн хорих ял сонсож, 2 жил орчим хоригдож, давж заалдан цагаадсан түүний хувьд арваад жил улстөрөөс завсарлага авсан гэж болно.
Харин АН-ын ЕНБД-ын албанд очих гэж багагүй эсэргүүцэлтэй тулсан түүний хувьд улс төрд ийнхүү эргэн ирэлт хийж байна.
Тэгвэл АН-ын ЕНБД С.Баярцогт гэж хэн бэ?
1967 оны 3 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн СҮхбаатар суманд төрсөн. 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар хамгийн залуудаа буюу 25 насандаа сонгогдсон. Монгол Улсын Их Хуралд 1996, 2004, 2008, 2012 онд дөрвөн удаа сонгогдон ажилласан түүхтэй.
Төгссөн сургууль, мэргэжил
- 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
- 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
- 2002 онд Колумбын Их сургуульд Эдийн засгийн бодлогын менежментийн 1 жилийн магистрын[1] хөтөлбөрт (PEPM) сурсан. Энэ хөтөлбөрт Япон/Дэлхийн Банкны хамтарсан тэтгэлгээр Баярцогт, Монгол банкны ерөнхийлөгч асан Жигжидийн Үнэнбат, Цэрэндагвын Одонгуа, Сангийн Яамны сайд асан Ясанжавын Очирсүх зэрэг арав гаруй улс төрчид хамрагдсан тухай Колумбын их сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулиас эрхлэн гаргасан сэтгүүлд дурдсан байна.[2]
- 2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал
- 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
- 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
- 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
- 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-1999 онд МСДН-ын дэд дарга
- 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
- 2000-2004 онд *Товхонхан* ХХКомпанийн зөвлөх
- 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
- 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.
Харин түүнтэй хамт АН-ын таван дэд даргыг томиллоо. Уг таван дэд даргад АН-ын фракц болгоны төлөөллийг оруулсан нь намын эв нэгдлийг хангах зорилго агуулсан нь тодорхой аж.
Тухайлбал, МоАХ буюу "Женко" фракцаас УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан,
"Ардчиллын сэргэлт" гэх шинээр үүссэн фракцаас УИХ-ын гишүүн Д.Энхтуяа,
"Мондэ" фракцаас УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
"Нэг Монгол" фракцаас УИХ-ын гишүүн асан Н.Ганибал,
"Гранд Монгол" фракцаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх асан Ч.Өнөрбаярыг дэд даргаар сонгожээ.
Ингэснээр ЕНБД С.Баярцогтыг эсэргүүцэж байсан намын гишүүд нь ч амаа хазаарлаж, хамтран ажиллахаар болж байна. Харин цаашид АН-ын шинэ ЕНБД ямар улстөрийн нүүдэл хийж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ямар амжилт үзүүлэхийг цаг хугацаа харуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.