Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгарлаа
АНУ-ын Номхон далайн бүс нутагт анх удаа дэлхийн 9 орны Зэвсэгт хүчний ахлагч нарын дунд явагдаж байгаа “Pacific Land Forces Team Readiness Challenge” олон улсын тэмцээн 05 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд АНУ-ын Хавайн Оаху аралд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол, АНУ, Канад, Их Британи, Малайз, Фижи, Шинэ Зеланд, Филиппин, Сингапур есөн орны цэргийн алба хаагчид зохион байгуулагчдын бэлтгэсэн бие бялдар, сэтгэл зүйн хамгийн хүнд сорилтуудыг туулсан бөгөөд 05 дугаар сарын 6-ны энэ өдөр аваргуудыг зарлалаа.
Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байрт Их Британийн Зэвсэгт хүчний баг, дэд байрт Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, гутгаар байрт АНУ-ын Зэвсэгт хүчний баг тус тус шалгарлаа. Монгол цэргүүд дэлхийн 8 орны шилдэг алба хаагчидтай өрсөлдөж, дэд байрт шалгараад зогсохгүй бүлгийн ахлагчаар үүрэг гүйцэтгэсэн райнжер сургагч А.Мөнгөншагай тэмцээний "Шилдэг тасгийн захирагчаар тодорлоо.
Алба хаагчдаа товч танилцуулахад сургагч ахлагч А.Мөнгөншагай (336) Монгол Улсын дөрөв дэх райнжэр, тэр дундаа анхны ахлагч райнжер юм.
"Дэлхийн шилдэг цэрэг" хэмээгддэг райнжерийн анхны шанг Монгол Улсаас дэслэгч генерал Д.Ганзориг 2002 онд татаж, хурандаа С.Түвшинбаяр, хошууч генерал Л.Гансэлэм нар буухиалж, түүнээс хойш 19 жилийн дараа сургагч ахлагч А.Мөнгөншагай дахин "сэргээж", хошууч Г.Жавхлантөгс, сургагч ахлагч Б.Эрдэнэдаваа нар үргэлжлүүлсэн юм.
Сургагч ахлагч А.Мөнгөншагай цэрэгжлийн спортын шилдэг тамирчин бөгөөд Зэвсэгт хүчний 330 дугаар ангид алба хааж байхдаа Зэвсэгт хүчний болон Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд олон жил аваргаар шалгарсан, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, англи, герман хэлтэй.

Тэрээр албаа нэр төртэй хаахын зэрэгцээ Дорноговь аймгийн ахлах ангийн сурагчдад райнжерийн сорилтын тухай сонирхолтой мэдээлэл хүргэж, цэргийн албаа хаахын ач холбогдлыг өөрийн биеэр сурталчилж яваа залуу.
Ахлах ахлагч Ц.Зоригт (186) Фауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Зэвсэгт хүчний аварга шалгаруулах фауэрлифтингийн алтан медальт, Зэвсэгт хүчний Марш-тусгай бэлтгэлийн шилдэг тамирчин алба хаагч юм.
Ахлах ахлагч В.Балдорж (167) Афганистан болон БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, 2014-2023 онуудад Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд тогтмол амжилт үзүүлсэн нь түүний нэрийн хуудас.
Ялангуяа цэрэгжлийн гимнастик, модон моринд харайх, буудлага, саадын зурвасын төрөлдөө дархлагдсан шилдэг алба хаагч. 2017, 2019, 2020, 2021, 2023 онд дээрх төрлүүдэд аваргаас эхлээд медалиудыг өнгө өнгөөр нь хоршуулж хүртсэн байна.
Тус олон улсын тэмцээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас хоёр цэргийн алба хаагч оролцсон нь ахлах ахлагч Л.Баатар, ахлах ахлагч Г.Багабанди нар юм.
Тэд энхийг сахиулах ажиллагаанд мөн л үүрэг гүйцэтгэсэн цэрэгжлийн спорт төдийгүй нийтийн биеийн тамир хөл бөмбөг, сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид. Маршийн салаагаар Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнээс олон олон медалийг хүртэж, Ховдын хорооныхны бахархлыг бүтээж яваа алба хаагчид. Ахлах ахлагч Г.Багабанди АНУ-ын Тэнгисийн явган цэргийн Жагсаалын даргын дамжааг 2022-2023 онд суралцаж төгссөн, англи хэлтэй.

Ахлагч М.Гандаваагийн (119) хувьд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн албаа хааж, улмаар мэргэжлийн ахлагч бэлтгэх сургалтад хамрагдаж, хүсэл мөрөөдлөөрөө ахлагчийн эгнээнд нэгдсэн химичин дайчин.
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, 2022 онд Зэвсэгт хүчний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд хугацаат цэргийн алба хаагчдын салаагаараа аваргын алтан медалийг Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид авчирсан билээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний баг ийм л чадварлаг залуусаас бүрдсэн бөгөөд тэд эх орныхоо нэрийг олон улсад ийнхүү цуурайтууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.