НӨАТ-ын босго 50 сая байсныг 400 сая болгох хуулийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.05.07/ Татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Эдгээрт:
1. Татварын Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ерөнхий сайд Н.Учрал олон улсын эдийн засгийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эдийн засгаа идэвхжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлж буйг онцлов.
УИХ-ын дарга С.Бямбацогт цаг үеэ олсон чухал хуулиудыг оруулж ирсэн Засгийн газар, Ерөнхий сайдад талархал илэрхийлээд төр баялаг бүтээгч, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого явуулах ёстой. УИХ хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцүүлж батлахад онцгой анхаарч ажиллана гэв.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах арга хэмжээг зохицуулахаар тусгажээ.
Үүнд:
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх, татварын тайлан залруулах хугацааг хоёр хүртэлх жилээр сунгах зохицуулалтуудыг тусгажээ.
Татварын зорилгоор ил тод байх, мэдээлэл харилцан солилцох Глобал форум олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмж, Автоматаар харилцан мэдээлэл солилцох стандартыг бүрэн хэрэгжүүлэхтэй холбоотой өөрчлөлт зэрэг зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
Татвар ногдуулах орлогын босгын хэмжээг нэмэгдүүлж, шатлалыг өөрчилж, Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлж, 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хүртэлх хувиар хөнгөлөх.
Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 100 хувь хөнгөлнө. Татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулах зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
Хялбаршуулсан горимоор тайлагнан 1 хувиар татвар төлөх босгыг 1 тэрбум төгрөг болгох зохицуулалтыг тусгах замаар бүх нийтээрээ шударга төлөх татварын орчныг бүрдүүлнэ. Иргэдийн орон сууцжуулалтыг татварын бодлогоор дэмжинэ.
Хувь хүн тодорхой хугацаанд өмчилсөн өөрийн орон сууцаа худалдан борлуулахад үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвараас чөлөөлнө. Иргэдийн тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах хүрээнд татвар төлөх болон тайлагнах хугацааг сунган уян хатан болгоно.
НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:
Бичил, жижиг бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж олгох зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.
Дотоод болон импортын НӨАТ-ын төлбөрийг хоёр хүртэл сарын хугацаагаар хойшлуулах боломжийг бүрдүүлж, аж ахуйн нэгжийн мөнгөн урсгал, уян хатан байдлыг дэмжих зохицуулалтыг тусгажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.