Монголбанк 140 ажлын байр цомхотгож, жилд 15 тэрбум төгрөг хэмнэнэ
Монголбанк бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийж, 19 газар нэгжийг 10 болгон нэгтгэн, нийт орон тоогоо 700-гаас 560 болгон бууруулжээ.
Ингэснээр үйл ажиллагааны зардлаа жил бүр 15.1 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой болсон талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ.Мөн удирдах албан тушаалтны тоог 50 орчмоор цөөрүүлсэн байна.
Түүний хэлснээр энэхүү өөрчлөлт нь илүү шуурхай, үр ашигтай бүтэц рүү шилжих зорилготой аж. Монголбанк энэ онд “Санхүүгийн тогтвортой байдлын газар”, мөн “Тогтвортой, ногоон санхүүжилтийн хэлтэс”-ийг шинээр байгуулж, банкны үйл ажиллагааг цахимжуулах, хяналт шалгалтыг автоматжуулах ажлыг эхлүүлжээ.
Түүнчлэн олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаас 8 жилийн дараа анх удаа “хязгаарлалтгүй дүгнэлт” авсан нь засаглал, санхүүгийн тайлагнал сайжирсны илрэл гэж үзэж байгаагаа онцолсон байна.
Монголбанк цаашид инфляцыг тогтвортой түвшинд хадгалах, бизнесийн орчныг сайжруулах, төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх дунд хугацааны стратегиа хэрэгжүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.