С.Амарсайхан: Эпстейний хэрэг нийгмийн асуудал болсон учир Ажлын хэсэг байгуулна

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Эпстейний гэх хэрэг дээр ажлын хэсэг байгуулахаа мэдэгдсэн. Уг асуудлаар өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
 
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:
 
-Иймэрхүү нийгмийн айдаст автуулсан, талцал, хуваагдал, хардлага сэрдлэгэ дагуулсан асуудалд хууль, нотлох баримт, судалгаа шинжилгээтэй хандах ёстой. Мөн энэ асуудал байнгын хороон дээр хэлэлцэгдсэн. Үнэн, худал нь мэдэгдэхгүй асуудлыг нэг мөр шийдэх ёстой.
Дан ганц энэ Эпстейний хэрэг ч биш иргэдийн оюун санаа, сэтгэлзүйд нөлөөлөхүйц мэдээллүүд их байгаа учраас өргөн бүрэлдэхүүнтэй ажлн хэсэг байгуулж ажиллана гэж байгаа юм. 
Хаа байсан АНУ-д нас барсан хүнийг авчрах гээгүй юм бол яагаад энэ хэргийг яриад байгаа юм бэ?
 
-Бид алив асуудалд улстөржиж болохгүй. Нөгөө талаараа энэ асуудлыг тодорхой болгох ёстой. Хууль, шүүхээр нотлогдоогүй, батлагдаагүй асуудалд хэн нэгнийг үгүйсгэж, хардаж болохгүй. Бас аль нэг хэргийг ярихгүй. Гэхдээ энэ хэрэг нийгмийн асуудал болчихоод байна. 
 
Оюутолгойн 20 сая долларын хэргийг энэ ажлын хэсэг шалгах уу?
 
-Ажлын хэсгүүд өргөн хүрээнд ажиллана. Тухайлсан нэг хэргээс илүү хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чиглэнэ. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил тод байхын тулд мэдээллийн нэгдсэн санг бий болгоё, мэдээлэл дээр тулгуурласан боловсруулалтаа хийе. 
 
Улс төрчдийн холбогдсон маш олон хэрэг байна. Тухайлбал, УИХ-ын дарга асан  Д.Амарбайсгалан, дэд дарга Х.Булгантуяагийн гэх мэт хэргүүд дээр энэ ажлын хэсэг ажиллах уу? 
 
-Хууль зөрчсөн хэн ч байсан хуулийн хүрээнд шалгагдах ёстой. Ямар нэгэн байдлаар хуулийг гажуудуулах, хэн нэгнийг хамгаалах эсвэл хэлмэгдүүлэх зүйл байж болохгүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.