"Тунгалаг тамир" киноны Хонгорын бага насны дүрд зохиолч Ч.Лодойдамбын хүү Галбадрах тоглосон гэдгийг та мэдэх үү?
“Ах нь босож чадахгүй ээ. Эр хүн эр хүндээ хайртай, миний дүү хүрээд ир. Засагт хааны Цахиур Төмөр гэж дуулсан уу?” хэмээх энэ л хэсэг Монголын кино урлагийн түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. “Тунгалаг Тамир” киноны Хонгорын бага насны эл дүрийг зохиолч Ч.Лодойдамбын хүү Л.Галбадрах бүтээж байжээ. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
Ч.Лодойдамбын хүү Л.Галбадрах:
-Хонгорын бага насны дүрийг бүтээхдээ би есөн настай байлаа. Тухайн үед аав минь амьд сэрүүн байсан бөгөөд хүүгийнхээ бага насыг хайртай дүрээрээ дамжуулан мөнхлөхийг хүссэн болов уу. Миний ээж Ардын жүжигчин Чойнхорын Чулуун гэж урлагийн хүн байсныг ард түмэн “Цогт тайж”-ийн Хулангийн дүрээр сайн мэднэ. Ээжтэйгээ нэлээд сургуулилт хийсний хүчинд Хонгорын дүрийг бүтээсэн түүхтэй.
Хонгорын бага насны дүр, таны тухайн үеийн бага нас хоёр хэр өөр байсан бэ?
-Зохиол дээр Хонгорыг өрмнийн өт мэт хөдөлгөөнтэй, их мөрөөдөмтгий хүүхдээр дүрсэлсэн байдаг бол миний хувьд их томоотой, “ээжийн хүү” гэгддэг хүүхэд байлаа. Тиймээс ээжийн минь зааварчилгаа, хөдөлмөр тэр дүрийг бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн.
Хэдийгээр би кино найруулагч болох мөрөөдөлтэй байсан ч тухайн үеийн нийгмийн шалгуураар шууд 10-р анги төгссөн хүүхдийг авдаггүй байв. Ингээд би олон улсын эдийн засгийн чиглэлээр Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсөж, Монголын гадаад харилцааны салбарт атташегаас Элчин сайд хүртэл 40 жил тасралтгүй ажилласан.
Монголчуудын хайртай зохиолч, аавынхаа тухай дурсаач та?
-Миний аав Ч.Лодойдамба 50-хан насандаа, уран бүтээлийнхээ ид оргил үед тэнгэрт хальсан. Тэр үед би 10 хүрэх гэж байсан балчир хүү байлаа. Аав минь надтай яг л үеийн юм шиг харилцаж, бичиж байгаа зохиолуудаа уншиж өгдөг байв.
Намайг бичиг үсэг тайлагдаагүй байхад Ц.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” найраглалыг уншиж өгөхөд нь би уйлж билээ. Тэгэхэд аав минь “Миний хүү сайхан юм ойлгодог, энэрэнгүй сэтгэлтэй болж байна” гэж баярлаж байсан нь санаанаас гардаггүй.
Аав минь Соёлын яамны нэгдүгээр орлогч сайд, Ардын Их Хурлын депутат гээд төрийн болон олон нийтийн маш их ажилтай хүн байсан. Оройтож ирсэн ч бидний хичээлийг давтуулж, тоглож наадах цаг гаргадаг байлаа.
Шөнө нь унтахгүй зохиолоо бичиж суудаг, өглөө босоход л бичгийн ширээнийхээ ард сууж байдаг тийм л нөр их хөдөлмөрч хүн байв. Төрийн түшээ, соёлын зүтгэлтэн, зохиолч гээд энэ бүх ажлыг нэг хүн яаж амжуулдаг байсныг нь хожим бодоод гайхдаг юм.
Аав минь эмнэлэгт хэвтэж байхдаа буюу хамгийн сүүлд уулзахад хэд хэдэн зүйлийг захиж хэлсэн.
Тэр дундаас “Миний хүү, цувж урсан явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр байдаг юм шүү” гэж хэлсэн нь эвтэй байж, олонтойгоо явахын утга учрыг захисан хэрэг байж. Мөн “Зуу наслахгүй биеэ оторлож, зон олондоо нэрээ битгий шигдүүлж байгаарай” гэж хэлсэн. Энэ нь зүгээр нэг тоос хөдөлгөж явах биш, өөрийн болон бусдын амьдралын төлөө зүтгэж, ард түмэндээ хэлэгдэх мөртэй амьдрахыг сургасан хэрэг. Эдгээр үгс миний амьдралын чиг шугам болсон.
Ч.Лодойдамба гуайн "Шаргачин"зохиолыг уншаад уйлаагүй хүүхэд байдаггүй байх. Энэ зохиол өнөөдөр комик болж байгаа юм байна?
-Өнөөдөр аавын минь бүтээлүүд ард түмний дунд амьд хэвээр байна. Саяхан аавынхаа “Шарагчин” өгүүллэгээр комик ном бүтээлээ.
"Шаргачин" зохиол бол байгаль дэлхий, хүн хоёрын хүйн холбоо, эх үрийн элбэрэл хайрыг харуулсан нандин бүтээл. Орчин үеийн хүүхдүүдэд энэрэнгүй сэтгэл төлөвшүүлэхэд ийм бүтээлүүд маш чухал.
Бидний үед уран зохиол, түүхийн хичээлийг маш гүнзгий үздэг байсан бол одоо энэ тал дээр дутагдалтай санагддаг. Ном гэдэг бол хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж, хорвоотой холбодог мөнхийн жаргал юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.