Ц.Санчир: Монголчууд дэлхийн 40 гаруй улс, 1000 гаруй хот сууриныг эрхшээн захирч, сэргээн босгож, хөгжөөн дэлгэрүүлж байсан
Тархан суурьшсан монголчууд/ТАСАМ/ төслийн хүрээнд Монголчуудын эрхшээн захирч байсан 40 гаруй улсад хоёронтоо очиж, Монголын эзэнт гүрний үеийн түүх соёл, урлаг уран баримал, одон орны талаар 3 боть ном хэвлүүлсэн Төрийн соёрхолт соёл судлаач Ц.Санчир Номын баярт оролцож байхад нь бид таарч, цөөн хором ярилцлаа.
Төрийн соёрхолт соёл судлаач Ц.Санчир:
-Номын баяр бол зөвхөн худалдаа арилжааны талбар биш юм. Энэхүү арга хэмжээ нь нэгдүгээрт зохиолч, эрдэмтэн, судлаач болон уншигчдын уулзалт, оюун санааны хэлэлцүүлэг өрнөдөг талбар бөгөөд ашиг орлогын асуудал үүний дараа эрэмбэлэгдэх ёстой. Өнөөдөр 200-300 мянган хүн оролцдог үндэсний хэмжээний томоохон үйл ажиллагаа болон өргөжсөн байна. Энэ нь хуульчлагдсан Үндэсний бичиг үсгийн баярын өдрүүдтэй давхцаж байгаа бөгөөд монгол бичиг, хэл, утга соёл, монгол мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, өртөөлөн өвлүүлэх зорилготой юм. Эх хэлний баялаг санг хадгалан үлдэх нь нэн чухал байна.
Үүний нэг жишээ нь "Хаан билиг" буюу Чингис хааны билиг сургаалыг орчуулах явцад "Агуу хаан" гэдэг үгийг монгол хэлний баялаг санг ашиглан 50 өөр утгаар буулгасан явдал юм. Бадралт хаан, Ялгуусан хаан, Сүр жавхлант хаан, Цог жавхлант хаан гэх мэтээр үгийн утгыг гүн гүнзгий гаргахын тулд манай редакторын баг 10 жилийн хугацааг зарцуулсан. Энэ нь монгол хэлний үгийн урлаг, гайхамшгийг харуулах зорилготой байв.
Та тархан суурьшсан монголчуудаараа тойрч, 3 боть ном хэвлүүлжээ. Монголчууд зөвхөн нүүдэлчид байгаагүйг баримтуулсан бололтой?
-"Тасам" судалгааны байгууллага сүүлийн 24 жилийн хөдөлмөрөө нэгтгэн, Монголын эзэнт гүрний соёрхолт өвийн тухай гурван боть бүтээлийг толилуулж байна.
Үүнд, эзэнт гүрний үеийн уран барилга, шинжлэх ухаан, одон орон болон урлаг соёлын өвийг багтаасан. Бид дэлхийн 40 гаруй улсад очиж, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын мөрөөр судалгаа хийсэн бөгөөд энэ чиглэлээр дагнан ажилладаг цор ганц судалгааны байгууллага юм.
Монголчууд зөвхөн нүүдэллэж яваагүй, мянга гаруй хот сууринг сэргээн босгож, шинээр байгуулсан түүхтэй. Тухайлбал, Алтан ордын улсад 150 орчим хотыг шинээр байгуулсан байдаг. Эдгээр хотууд нь усны хаялга, тариалангийн талбай, дэд бүтэц гээд хот төлөвлөлтийн иж бүрэн шийдэлтэй байсан.
Цагаадайн улсын хотуудад гэхэд л 4-6 эгнээ модтой засмал замууд, өртөө заасан тэмдэглэгээнүүд байсан нь тэр үеийн хөгжлийг илтгэнэ.
Ил хаадын улсын нутаг дэвсгэр болох өнөөгийн Иран, Ирак, Афганистан зэрэг улсуудад монголчуудын байгуулсан гурван том нийслэл хот байсан.
Хүлэгү хаан 1253 онд Хархорумоос гарч, Мараге, Тебриз, Султания гэсэн хотуудыг байгуулж байв. Тэнд монголчууд 400 мянган номтой номын сан, таван ухааны их сургууль, 32 мянган эрдэмтний орон сууц, 1500 гаруй үйлчилгээний төв, халуун усны газар, асрамжийн газар бүхий иж бүрэн цогцолбор байгууламжуудыг байгуулсан.
Дэлхийн 40 гаруй улсад Монголын үе гэж бий. Ираны түүхэнд 1256-1355 оныг "Монголын үе" хэмээн онцгойлон тэмдэглэдэг. Монгол хаадын ивээл дор найман том одон орны төв үйл ажиллагаа явуулж байсан.
Бидний судалгаагаар 1018 онд оддын хүснэгт гаргаж, 470 орчим одны ордыг монгол бичгээр тэмдэглэн үлдээсэн баримт бий. Монголчууд нар, сарны хөдөлгөөнийг нарийн судалж, түүнийгээ соёл, шинжлэх ухааны ололтдоо ашиглаж ирсэн нь дэлхий дахинд хадгалагдан үлджээ.
Эдийн засаг, соёлын хувьд ч монголчууд маш өндөр түвшинд байсан. Хубилай хааны зарлигаар ялам модны холтосоор анхны цаасан мөнгийг хэвлэж, дэлхийн 450 орчим хотод өөрийн зоосыг дэлдүүлдэг байв.
Өнөөгийн Ираны мөнгөн тэмдэгт "Туман" (Түмэн), олон улсын "Сом" (Сум) гэх нэршлүүд нь монгол гаралтай үгс юм. Энэ бүхэн нь монголчууд зөвхөн бэлчээр хайж нүүдэллээгүй, дэлхийн соёл иргэншилд асар том хувь нэмэр оруулсан хүчирхэг үндэстэн байсныг гэрчилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.