“Урьхан”-ын Б.Чинбатад эд хөрөнгөө дээрэмдүүлсэн гэх В.Ганзориг Ерөнхийлөгч, ХЗДХЯ, АТГ-т ханджээ
Монгол Улсад шүүх, прокурор, цагдаа, өмгөөлөгч нар гэмт хэрэгтэй нийлж, дээрмийн хонгил бий болсон байж болзошгүй талаарх мэдээлэл сүүлийн хэдэн өдөр цахим орчинд цацагдаж байна. Тодруулбал, В.Ганзориг “Урьхан хочит” Б.Чинбатад өөрийн бизнесийн үйл ажиллагааг дээрэмдүүлж байгаа талаар олон нийтэд мэдээлж шүгэл үлээгээд буй. Ингэхдээ тэрбээр бүр ХУУЛИЙН ХОНГИЛД оролцсон гэх шүүх, прокурор, цагдаагийн нэрсийг зарлаад байгаа юм.
Түүний мэдээлж буйгаар хууль хяналтын байгууллагын удирдах ажилтнууд болох Улсын ерөнхий прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат оролцож, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Доной, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэм, Улсын дээд шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн эрүүгийн танхимын тэргүүн Б.Бямбаабаатар, шүүгч Ч.Алдар, Өмгөөлөгч Б.Мэргэн, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Батсайхан, хөрөнгөжсөн хурандаа нар болох пээдгэр хочит Эрдэнэбаяр, цээж хочит Х.Ууганбаяр нарын нэрсийг гаргаж тавьсан байдаг.
Хэргийг сануулбал, 2022 онд Урьхан хочит Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Глиймстар ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэнхангай сумын нутаг дэвсгэрт байрлах МV-021972 тоот тусгай зөвшөөрлийг 5 сая ам.доллараар худалдан авах хүсэлт тавьсных нь дагуу В.Ганзориг Б.Чинбатад худалдсан байдаг. Улмаар Б.Чинбат нь тухайн тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн Вайнд Майнд ХХК-руу шилжүүлж аваад олборлолтын үйл ажиллагаа явуулж 140 кг алт олборлож 50 орчим тэрбум төгрөг болгон авсан байна.
2025 онд Б.Чинбат нь В.Ганзоригт дахин хамтран ажиллах хүсэлт тавьж хамтран ажиллахаар болж В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн эзэмшлийн ашиглалтын MV-022106 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагааг явуулж 20/80 хувиар ашгийг хувааж авах, 80 хувийн Б.Чинбат, 20 хувийг нь В.Ганзориг авахаар харилцан тохиролцсон байна. Тус ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас Б.Чинбат нь 420 кг алт олборлож 240 орчим тэрбум төгрөг буюу Б.Чинбат нь 2022 болон 2025 онуудад иргэн В.Ганзоригийн эзэмшлийн компаниудын нэр дээрх талбайгаас 560 кг алт олборлож нийтдээ 300 орчим тэрбум төгрөг олсон байна.
Шороон ордны олборлолт борлуулалтын үйл ажиллагааг Б.Чинбат тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нэр дээр биш 220 кг алтыг өөрийн Би Си Эйч Майнинг ХХК-ийн нэр дээр тушааж харин үлдэгдэл 200 кг алтыг хууль бусаар хар зах дээр худалдан борлуулсан нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, Эрүүгийн хуулийн 24.2 дах хэсэгт заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргүүдийг үйлдсэн гэх мэдээлэл байна.
Б.Чинбат нь иргэн В.Ганзоригийн эзэмшлийн Хамтын эх булаг ХХК-ийн MV-022106 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн үлдсэн хэсэгт олборлолтын үйл ажиллагааг явуулах хүсэлт гаргасныг В.Ганзориг зөвшөөрөөгүй аж. Гэтэл Б.Чинбат нь “Чи зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй чиний эзэмшлийн талбайг дээрэмдэж авна” гэж сүрдүүлэг хийж, “Хууль хяналтын байгууллага миний гарт” гэж дарамталж эхэлсэн байна.
В.Ганзориг нь Монгол Улс эрх зүйт төртэй улс орон арай ч хууль бусаар бүх ажиллагааг дээрэмдээд авчихгүй байх гэж итгэсэн ч өнөөдөр бүх зүйл өөрийнх нь эсрэг яваад ихэд гомдолтой байгаа аж. Учир нь Эрүүгийн гэмт хэрэгтэн гэх Урьхан хочит Б.Чинбат нь 2026 оны 06 сарын 28-ны өдөр В.Ганзоригт холбогдуулан 2022 онд 5 сая доллар буюу 14.7 тэрбум төгрөгөө иргэн В.Ганзоригт залилуулчихлаа гэсэн гомдол гаргасан байна.
Хэргийг мөрдөж буй мөрдөгч нь гомдол гаргасан Б.Чинбаттай тохирчихвол хэргийг чинь дуусгалаа гэх байдлаар дарамталсан гэж В.Ганзориг мэдээлдэг. Энэ үйл ажиллагаанаас харахад Монгол Улсын хууль хяналтын байгууллагын систем бохирдоод хүний эд хөрөнгийг дээрэмддэг ХУУЛИЙН ХОНГИЛ үнэхээр байдаг юм биш биздээ гэх хардлага, айдас олон нийтийн дунд төрөөд байна.
Энэ бол эдийн засагт маш аюултай үзэгдэл бөгөөд хүний эрх, эрх чөлөө бизнесийг боймилдог шудрага бизнес эрхэлдэг хүмүүс зөндөө шүгэл үлээж байсан боловч системийг гажиг буруу тогтолцоог дийлж чадахгүй нөхцөл байдал руу авч ирнэ. Тиймээс дээрх асуудлаар иргэн В.Ганзориг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газарт хандаад байгаа аж.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.