БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар амьд панда болон бүргэдийн баримал харилца бэлэглэжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д хийж буй гурван өдрийн төрийн айлчлалаа өнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр өндөрлүүлж байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтон хотноо Хятадын төрийн тэргүүнийг хүлээн авч буй энэхүү үйл явдал нь сүүлийн арван гаруй жилийн хугацаанд Хятадын талаас хийж буй анхны дээд хэмжээний айлчлал болж байгаагаараа онцлог юм.
Айлчлал есдүгээр сарын 23-ны өдөр Мэриленд муж улсын Эндрюс баазад эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп, Тэргүүн хатагтай Меланиа Трамп нар онгоцны буудлын талбайд биечлэн очиж угтан авсан нь орчин үеийн дипломат ёсонд ховор тохиолдол байлаа.
Цагаан ордны Өмнөд зүлэгт болсон албан ёсны угтах ёслолын үеэр АНУ-ын зэвсэгт хүчний бүх салбарыг төлөөлсөн 479 цэргийн алба хаагч жагсаж, 21 удаа ёслолын буудлага хийсэн байна. Мөн АНУ-ын бөмбөгдөгч онгоцнууд дээгүүр нь нисэж хүндэтгэл үзүүлсэн нь айлчлалын ач холбогдлыг тодотгож байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп Ши Жиньпинтэй Овал оффист хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийснийхээ дараа хоёр орны удирдагчдын хооронд үнэхээр гайхалтай нөхөрлөл тогтсоныг онцолж, уулзалтыг амжилттай болсон гэж дүгнэжээ.
Хэлэлцээний гол сэдэв нь хоёр орны цэргийн мөргөлдөөнөөс зайлсхийх, стратегийн тогтвортой байдлыг хангах асуудал байлаа.
Ши Жиньпин дарга хөгжиж буй гүрэн болон ноёрхогч гүрний хоорондох мөргөлдөөн буюу Фукидидын хавх-аас зайлсхийх шаардлагатайг тэмдэглээд, АНУ болон Хятад улс өрсөлдөгч бус харин түншийн хувиар энх тайвнаар зэрэгцэн орших ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Энэхүү уулзалт нь дэлхийн хоёр том эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах, стратегийн ойлголцолд хүрэх зорилготой байв.
Айлчлалын хүрээнд хүрсэн нэг томоохон үр дүн бол АНУ-Хятадын худалдааны түр зогсолтыг сунгахаар тохиролцсон явдал юм. Арваннэгдүгээр сарын 10-нд дуусгавар болох байсан татварын хөнгөлөлтийн хугацааг хоёр сараар буюу ирэх оны нэгдүгээр сарын 10 хүртэл хойшлуулсан байна.
Энэ нь талуудад худалдааны маргааныг эцэслэн шийдвэрлэх хэлэлцээг үргэлжлүүлэх боломж олгож, шинээр татвар нэмэгдэх эрсдэлээс сэргийллээ. Түүнчлэн талууд хиймэл оюун ухааны салбарт инновацийг боомилохгүй байхын тулд зохицуулалтыг хөнгөн байлгах тал дээр санал нэгджээ.
Цагаан ордны Зүүн танхимд болсон төрийн хүндэтгэлийн зоогт Тесла компанийн Илон Маск, Эппл компанийн Тим Кук, Нвидиа компанийн Женсен Хуанг, ОпенАЙ компанийн Сэм Алтман зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид оролцсон байна.
Зоогийн үеэр Дональд Трамп Ши Жиньпинд цагаан толгойт бүргэдийн том хэмжээний баримал бэлэглэжээ. Харин Ши Жиньпин Д.Трампт хоёр панда бэлэглэсэнаа Атланта зоо паркт өгчээ.


Айлчлалын сүүлийн өдөр Тэргүүн хатагтай нар Улаан танхимд цай ууж, хоёр улсын удирдагчид гэр бүлийн хамт Үндэсний архивт зочилж, АНУ-Хятадын харилцааны түүхэн баримтуудтай танилцсан байна.
Хэдийгээр талууд найрсаг уур амьсгалыг чухалчилж байсан ч Тайванийн асуудал, АНУ-аас тус арал руу зэвсэг нийлүүлж буй явдал, түүнчлэн Украин болон Ойрхи Дорнод дахь дайн зэрэг эмзэг сэдвүүдээр санал солилцсон байна.
Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Дональд Трампын 2026 оны тавдугаар сард Бээжинд хийсэн айлчлалын хариу юм. Хоёр орны удирдагчид энэ оны эцэс гэхэд Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болон Майами дахь Трамп Нэшнл Дорал амралтын газарт болох Их 20-ийн уулзалтын үеэр дахин уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.