С.Амарсайхан: Цаашид ч өшөө чанга дуугарч, "шүгэл үлээх" болно
ХЗДХ-ын сайд асан С.Амарсайхан дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
Би зохион байгуулалттай гэмт хэрэг, хулгай зэлгээтэй тэмцэх асуудлаар мэдээлэл хийсэн. Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай тэмцсэнийхээ төлөө, тэдгээртэй эвлэрээгүйнхээ төлөө нэг байтугай, хорь ч удаа чөлөөлөгдсөн надад харамсах зүйл байхгүй. Би Хууль зүй, дотоод хэргийн салбарт очихдоо улс орныхоо эрх ашгийг худалдчихсан, ийм түвшинд хүрсэн гэж төсөөлөөгүй. Зарим нэг ялзарсан цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудаар дамжуулан төр нь барьцаанд орчихсон, Засгийн газар нь хүртэл дуугарч чадахаа байтлаа барьцаалагдсан байна.
Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч миний анхаарч ажилласан олон асуудал бий. Хар тамхи, хууль бус алт олборлолт, төрийн байгууллагуудад хувийн ашиг сонирхлоо шингээж, түүгээрээ дамжуулан явцуу эрх ашгаа гүйцэлдүүлдэг бүлэглэлүүд гээд маш олон зүйл байна. Өнөөдөр намайг албан тушаалаас минь чөлөөлж болох ч миний үзэл бодол, үнэт зүйлийг хэн ч чөлөөлж чадахгүй. Би хууль бус үйл ажиллагаатай тэмцсээр байх болно. Монгол Улсын үндэсний болон дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөхөөс өөр аргагүй байсан.
Цаашид ч өшөө чанга дуугарч, "шүгэл үлээх" болно.
Монгол Улсын дотоод аюулгүй байдал өнөөдөр хутганы ирэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ үүнийг нуун дарагдуулж ирсэн. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудлуудаар олон түвшинд мэдээлэл хийж, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай. Тусгай хяналтын дэд хороо болон УИХ, Засгийн газрын түвшинд эдгээр асуудлыг сонсох ёстой. Олон нийтэд нээлттэй ярих зүйл байхад, цаана нь нууцлах зүйл ч бий. Гэхдээ нууц нэрээр ард түмнээс асуудлыг нуух шаардлагагүй. Өнөөдөр хүүхэд залуучууд, ард иргэдийн хувь заяа асар аюултай дэнсэн дээр байна гэж дүгнэж байна.
Би тодорхой нэрсийг баримттайгаар зарласан. Хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй. Надад цаашид ч дэлгэх мэдээлэл, дурдаагүй сэдэв, нэрс олон бий.
Намайг албан тушаалаас нь холдуулж болох ч миний олж харсан, улс орны хувь заяатай холбоотой тэрхүү аймшигтай баримт нотолгооноос намайг салгаж чадахгүй. Ажлаа өгсөн ч гэлээ иргэдээс надад маш их мэдээлэл ирж байна. Цаашид ярих зүйл маш их бий. Дараагийн сайдад хэлэх зүйл олон байна. Энэ ажлыг хийхэд асар их зориг тэвчээр, хатуу зарчим шаардлагатай. Тал талаас дарамт ирнэ, нөлөөлөлд автуулах гэж оролдоно, гаргасан шийдвэрийг буцаахыг шаардана. Бүр гэр бүл, амь нас, эрүүл мэндээр нь барьцаалах гэж оролддог.
Би өмнө нь Шадар сайдаар дөрвөн жил гаруй ажилласан ч хуулийн салбар гэдэг хэн бүхний өнгөж ороод харчихдаг салбар биш юм байна. Дотор нь ороод асуудлыг судлахаар аманд багтамгүй, харамсмаар зүйлүүд их байсан учраас би цаг хугацаанд нь гаргаж тавьсан. Хар тамхитай тэмцэх албаныхан маань хангалттай сайн ажиллаж байгаа ч хүч дутаж байна. Хэрэв хар тамхины бүлэглэлийн үйл ажиллагааг "улсын нууц" нэрээр халхавчилж, ард түмнийг хордуулж байгаа бол энэ нь төрийн нууц байх ёстой гэж үү? Би нууцын зэрэглэлтэй ажилчдыг ил зарлаагүй. Юуг зарлаж болох, болохгүйг мэдэхтэйгээ хүн. Үүнийг улс төржүүлж мушгих шаардлагагүй, хуулийн байгууллага нь өөрсдөө тогтоох биз.
Би хэлэх ёстой үгээ хэлсэн, цаашид ч ярих зүйл их байна. Улс орноо үгүй хийж байгаа, хулгай дээрэм хийж буй этгээдүүдтэй хөл хүрч, хэл хүрэх газар хүртэл тэмцэнэ.
Засгийн газар ард түмний амьдрал хэцүү байгаа энэ үед олон юм яриад яах вэ гээд ажлаа хийж ирсэн. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр боллоо. МАН-ын олон гишүүд, дэмжигчид энэ Засгийн газарт итгэсэн ч харамсалтай нь барьцаалагдаж байна. Энэ хэвээрээ явбал Монгол Улсын аюулгүй байдал ноцтой түвшинд хүрнэ гэдгийг мэдэж байгаа учраас би үе шаттайгаар мэдээллүүдийг хийсээр байх болно. Чуулганы хуралдаандаа ч сууна гэв
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.