Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгууллаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулахаар болжээ.
Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.
Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготой, жилд 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай, 400 хүнийг ажлын байраар хангах, 40 Мвт дулааны цахилгаан станц бүхий Нүүрс-пиролизийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг энэ оны IV улиралд эхэлж, 2028 оны I улиралд ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгоод буй юм.
"Чингис хаан баялгийн сан" нэгдэл өөрийн эзэмшлийн хувийг охин компани "Эрдэнэс ҮТП" ХХК-иар, нийслэл өөрийн хувийг "Нийслэлийн түншлэлийн сан хувийн сан ХОС ТЗК" ХХК-иар дамжуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын тогтоол батлагдсанаар төрийн түншлэгчийн эрх зүйн этгээд тодорхой болж, сонгон шалгаруулалт, түншлэлийн гэрээ болон бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.