Дэлгүүрийн бизнес эрхлэгч: Зээл тавих иргэдийн тоо ихэссэн, иргэд гахай, тахиа, таташ буюу 5 цул ихээр авч хэрэглэж байна

Иргэдийн худалдан авах чадвар, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Бид энэ удаа гэр хорооллын ойролцоох дэлгүүрийн худалдагчид болон иргэдээс ямар бараа бүтээгдэхүүн түлхүү худалдан авч байгаа, сарын орлогоо юунд зарцуулж байгаа, худалдан авах чадвар нь хэр өөрчлөгдсөн талаар сурвалжиллаа.

Дэлгүүрийн бизнес эрхлэгч:

Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэд махаа бага хэмжээгээр, магадгүй 2-3 хоногийн хэрэгцээгээрээ таслуулж авах нь ихэссэн. Бүр махаа жижиглээд, бөөрөнхийлөөд боогоод өгөөч гэх хүсэлт их ирдэг болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан нь ажиглагдаж байна. Хүмүүс сагсандаа хэд хэдэн төрлийн бараа хийсэн ч кассан дээр бичүүлэх үедээ мөнгө нь хүрэхгүй болохоор амттан, хиам зэрэг зарим бараагаа буцааж тавих тохиолдол түгээмэл боллоо.

Нэг мэдэхэд л хэдхэн зүйл авахад 40-100 мянган төгрөг болчихдог. Иргэд өрнөөс өрийн хооронд амьдарч байна. Цалин буухаар өгье гээд зээл тавих, эсвэл хүүхдийн мөнгө орохоор тооцоогоо хийх зэргээр зохицуулж байна.

Энэ он гарснаас хойш байдал бүр ч хүндэрсэн. Талх, боорцогны үнэ хүртэл 200-300 төгрөгөөр нэмэгдэхэд иргэд маш их бухимдаж, дэлгүүрийн худалдагч руу уурлах тохиолдол гардаг. 

Зээл тавих иргэдийн тоо ихэссэн, иргэд гахай, тахиа, таташ буюу 5 цул ихээр авч хэрэглэж байна.

Бидний хувьд үнэ нэмээгүй, цаанаас ирж байгаа үнэ нь өссөн гэдгийг тайлбарлаж, иргэдийг тайвшруулахыг хичээдэг ч хүмүүс маш их стресстэй байна. Бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт хамгийн том асуудал болоод байна.

Жилийн эцэс болохоор НӨАТ, орлогын албан татвар гээд өөрсдөө ч мэдэлгүй их хэмжээний өрөнд орчихдог. Дээр нь тог цахилгаан, хогны мөнгө гээд бүх зардал нэмэгдсэн. Хувиараа бизнес хийж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх, бодлогоор дэмжих шаардлагатай байна. Хэрэв татвар багасвал бизнес эрхлэгчид болон иргэдийн нуруун дээрх ачаа бага ч болов хөнгөрөх болов уу.

Иргэд:

Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн нь амьдрал маш ихээр нөлөөлж байна. Цалин тэтгэвэр нэмэгдсэн зүйл байхгүй. Нэг өрнөөс нөгөө өрний хооронд амьдарч, өдөр хоногоор иргэдийн амьдрал доошилж байна. Цалингаасаа илүүчлээд өөртөө, гэр орондоо ойр зуур юм авдаг байсан бол тэр нь ч байхгүй боллоо.

Хонины махтай хольж идэхээр хамгийн хямд адууны мах 10кг авахад 180 мянган төгрөг болж байна. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.