Иргэн: Гадны хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хэрэглэснээр хорт хавдар болон бусад төрлийн өвчнөөс сэргийлнэ
"Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2026" үзэсгэлэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын 21-27-ны хооронд үргэлжилж байна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хүнсний ногоо тариаланчид болон үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ 30-50 хувийн хямдралтайгаар худалдаалж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгч:
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр найман өрхийн үйлдвэрлэгч оролцож байна. Тэдний дунд сонсголын болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ээжүүд байна.
"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд гурав дахь жилдээ оролцож, өөрсдийн оёж урласан даавуун бүтээгдэхүүн, хантааз, өдөр тутмын хувцаснуудаа танилцуулж байна.
Үйлдвэрлэгчдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асран хамгаалагчид халамж хүлээлгүй нийгэмд идэвхтэй ажиллаж, хүүхдээ асрангаа баялаг бүтээж чаддагийг нийгэмд харуулахыг зорьдог.
Гутлын худалдаа эрхлэгч:
-"Баянцагаан нуур" ХХК нь гутлын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2005 онд байгуулагдсан компани нь дотоодын түүхий эдийг ашигладгаараа онцлог. Тухайлбал, "Булигаар" ХК-ийн арьс, "Дархан Нэхий" ХК-ийн нэхийг ашиглан чанартай гутлыг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэхийг зорьж байна.
Иргэн:
-Дотоодын үйлдвэрлэлийн зардал өндөр байгаагаас шалтгаалан импортын хямд бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байдаг.
Иргэдийн худалдан авах чадвар муу байгаагаас хямд үнэтэй импортын барааг сонгох нь элбэг байдаг. Гэвч импортын бүтээгдэхүүнүүд эргээд эрүүл мэндийн асуудал үүсгэх эрсдэлтэй.
Тиймээс төрөөс бодлогын түвшинд ногоочид, малчид болон үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, үнийн зохицуулалт хийх шаардлагатай байгааг илэрхийллээ.
Тус үзэсгэлэн худалдаан дээр сонголт өргөн, үнэ хямд байгааг онцолж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.