Г.Дамдинням: Япон Улс газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад бүрэн дэмжин ажиллахаар боллоо

Ерөнхий сайдын Япон Улсад хийж байгаа айлчлалын үеэр АҮЭБ-ийн сайд, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар  Япон Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд газрын тосны салбар, гадаад харилцааны салбарт  хэрэгжүүлэх шинэ төсөл, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Г.Дамдинням сайд сэтгүүлчдийн сонирхсон гол асуултуудад хариулт өгөхдөө:

Япон Улсад хийсэн айлчлалын гол үр дүн болон газрын тосны салбарт хэрэгжих шинэ төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 - Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг хангах, шатахууны нөөцийг тогтвортой бүрдүүлэх чиглэлээр Япон Улстай чухал тохиролцоонд хүрлээ. Тодруулбал, тус улсын талаас манай улсад газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа албан ёсоор илэрхийлсэн юм.

Энэхүү агуулахын цогцолбор баригдсанаар манай улсад ямар давуу талууд бий болох вэ?

- Энэхүү агуулахын цогцолбор ашиглалтад орсноор бид стратегийн ач холбогдол бүхий түлш, шатахууны нөөцийг урт хугацаанд найдвартай хадгалах боломж бүрдэнэ. Япон Улс энэ чиглэлд өөрийн дэвшилтэт технологи, туршлагаа нэвтрүүлэхээс гадна төслийн санхүүжилт болон бүтээн байгуулалтын шатанд мэргэжлийн туслалцаа үзүүлэхээр боллоо. 

Цаашид хамтын ажиллагаа хэрхэн үргэлжлэх вэ?

- Хоёр улсын хамтын ажиллагаа зөвхөн агуулах барихаар хязгаарлагдахгүй. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг олон талт ажлууд үе шаттайгаар хэрэгжинэ. Энэ нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

Мөн гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ удаагийн айлчлалын үр дүнг дүгнэж хэлэхдээ, манай улсын талаас тавьсан бүх асуудалд ахиц дэвшил гарсан, өндөр үр дүнтэй, бахархмаар айлчлал боллоо хэмээн онцоллоо. Тэрээр айлчлалын хүрээнд хэлэлцсэн асуудлууд бодит ажил хэрэг болоход томоохон түлхэц болсныг тэмдэглээд, талууд харилцан тохиролцсон асуудлууддаа бүрэн дүүрэн ахиц гаргаж чадсаныг дурдсан юм. Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой болсныг тэрээр хэлсэн үгэндээ тодотгов.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.