Дэлхийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөн Монголын баг эх орондоо ирлээ
Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 12 суралцагч, төгсөгч ур чадвараа сорин амжилттай оролцоод ирлээ.
Энэ удаагийн уралдаанд Монголын баг барилгын бүтээц, угсралт /хуурай хийц/, өрлөг, гагнуур, хэвлэлийн график дизайн, химийн лабораторийн технологи, механикжсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, хоолны үйлчилгээ, механик инженерийн CAD, цахилгаан угсралт, мужаан, сантехник, CNC токарь зэрэг 12 ур чадварын төрлөөр өрсөлдсөн юм.
Монголын залуу мэргэжилтнүүд дэлхийн 68 орны оролцогчидтой дөрвөн өдрийн турш ур чадвараа сорьж, олон улсын уралдааны орчин, үнэлгээний тогтолцоо, мэргэжлийн стандарт, шинэ технологитой танилцсан байна.
Уралдааны дүнгээр гагнуурын төрөлд оролцсон Г.Номин Монголын багийн оролцогчдоос хамгийн өндөр оноо авч, “Best of Nation” медалиар шагнууллаа.
Харин CNC токарийн төрөлд оролцсон С.Эрхэмбилэг уралдааны хүрээнд зохион байгуулагдсан CNC Turning Team Challenge-д бусад улс, бүс нутгийн оролцогчидтой нэг баг болон ажиллаж, багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Тус багийн сорилт нь CNC Turning-ийн үндсэн ганцаарчилсан уралдаанаас тусдаа зохион байгуулагдсан юм.
Мөн Дэлхийн ур чадварын байгууллага буюу WorldSkills International-аас Монгол Улсын Техникийн төлөөлөгч Э.Энхболдод “Medallion of Appreciation” гардууллаа. Энэхүү шагнал нь уралдаанд оролцогчдын амжилтад олгодог медалиас тусдаа бөгөөд WorldSkills-ийн үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан ажиллаж буй төлөөлөгчдөд олгодог талархлын шагнал юм.
Ийнхүү Монгол Улсаа төлөөлөн дэлхийн тавцанд ур чадвараа сорьсон 12 оролцогч, тэднийг бэлтгэсэн экспертүүд, багийн ахлагчид, орчуулагчид болон нийт багийн бүрэлдэхүүн олон улсын тэмцээнээс туршлага, мэдлэг хуримтлуулан эх орондоо ирлээ.
Ийнхүү Монголын залуу мэргэжилтнүүд дэлхийн тавцанд ур чадвараа сорьж, олон улсын стандарт, шинэ технологи, туршлагаас суралцлаа. Энэ удаагийн оролцоо нь тэдний мэргэжлийн ур чадварыг дараагийн түвшинд хүргэх чухал туршлага боллоо.
“Дэлхийн ур чадвар” уралдаанд оролцсоноор олон улсын ур чадварын стандартыг мэргэжлийн боловсрол, сургалтад нэвтрүүлэх, багш, экспертүүдийн ур чадвар, чадавхыг дээшлүүлэх, боловсрол, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, ирээдүйн чиг хандлагыг сургалтын үйл ажиллагаатай уялдуулах боломж бүрддэг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.