С.Зулфхар: Ирэх оны төсөвт тавьсан хөрөнгө оруулалтыг дагаад байнгын 15 мянга, түр 60 гаруй мянган ажлын байр нэмэгдэхээр байна

УИХ-ын гишүүдийн 2027 оны төсвийн талаарх байр суурийг цувралаар хүргэж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн С.Зулфхар төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнгийн талаар саналаа хуваалцлаа. 

УИХ-ын гишүүн С.Зулфхар:

-УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Төсвийн хүрээний хамгийн чухал асуудал бол хөрөнгө оруулалтын чиглэл юм. Хөрөнгө оруулалт хаашаа чиглэхээс хамаарч ажлын байр хэрхэн нэмэгдэх, хөдөлмөр эрхлэлтэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгт хариулт өгөх нь ирэх жилийн хувьд нэн чухал.

Ирэх оны улсын төсвөөр 5.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсн. Үүний 24 хувийг зам тээвэр, дэд бүтцийн салбарт, 23 хувийг боловсролын салбарт, 18 хувийг эрчим хүчний салбарт тус тус зарцуулахаар тусгасан байна. Дээрх гурван салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт нь богино хугацаанд ажлын байрыг олноор бий болгодог онцлогтой.

Ялангуяа боловсрол, эрчим хүч, дэд бүтцийн төслүүд нь дунд хугацаанд түр болон байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх зүй тогтолтой юм. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд ирэх онд 15-18 мянган шууд ажлын байр, үүнийг дагаад 63 мянган түр ажлын байр шинээр бий болох төлөвтэй байна.

Энэ нь ирэх жилийн төсвийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх томоохон боломж бүрдэж байгааг харуулж буй хэрэг юм. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтын бүтцийг тал бүрээс нь нухацтай хэлэлцэх шаардлагатай.

Ирэх онд зөвхөн улсын төсвөөс гадна орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 12 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх төсөөлөл гарчээ. Энэ нь шинээр ажлын байр бий болгох таатай нөхцөлийг бүрэн бүрдүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.