О.Баасанхүү: Бид С.Зоригийн хөшөөнд жилд хоёр удаа цэцэг өргөхөөс өөрийг хийж чадахгүй явна
Өнөөдөр төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан өдөр тохиож байна. С.Зоригийн амь насаа алдсан талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийнхөө сошиол хуудсандаа дараах нийтлэлийг оруулжээ.
О.Баасанхүү:
Өнөөдөр С.Зоригийн амь насыг хөнөөсөн өдөр. Энэ аллага Ардчилсан нам засаглаж байсан 1998 онд болсон. Гэвч тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч хэн байсныг бид яагаад асуудаггүй юм бол?
Эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Ш.Отгонбилэгийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг яагаад Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн шүүгчээр томилсон юм бэ? Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг яагаад долоон удаа буцаасан юм бэ? Эдгээр асуултыг тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабандиас яагаад асуудаггүй юм бол?
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой яригддаг өөр нэг ноцтой асуудал бий. «Паар» гэх хочтой Отгоо болон түүний гэр бүлийнхэн галд амиа алдсан хэрэгт тэд холбоотой байсан эсэхийг яагаад тодруулдаггүй юм бол? Тэр хэрэгт гурав, найман настай хоёр хүүхэд шатаж амиа алдсан гэх мэдээллийг сэтгүүлчид яагаад сонирхон судалж, үнэн мөнийг нь тогтоохыг эрмэлздэггүй юм бол?
Олон асуултыг хариултгүй үлдээсэн энэ эмгэнэлт явдлаас хойш С.Зоригийн хөшөө Төрийн ордны зүг харсаар байна. «Орос, монголын эрлийз» хэмээн адлагдаж байсан ч Монголын ардчиллын төлөө ихийг хийж, бидэнд үнэт өв үлдээсэн тэр хүн өнөөдөр ч бидний дунд мөнх оршсоор.
Харин бид түүний хөшөөнд жилд хоёр удаа цэцэг өргөхөөс өөрийг хийж чадахгүй л явна даа гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.