Иргэдээ бухимдуулахгүй, хүнд сурталгүй шатахуунаа түгээхийг ААН-үүдэд анхааруулав

Иргэдээ бухимдуулахгүй, хүнд сурталгүй шатахуунаа түгээхийг ААН-үүдэд анхааруулав

Ерөнхий сайд Н.Учрал /2026.10.02/ түлш, шатахууны "Шуурхай штаб"-ын хурлыг ахлан хуралдууллаа. Ард иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй шатахуун түгээхийг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулж, биелэлтийг бүрэн хянаж ажиллахыг холбогдох яам, төрийн байгууллагынханд үүрэг болголоо.  

Ерөнхий сайд “Шатахуун авахын тулд урт дараалалд зогсож, шагийн үнээр авч буй иргэд үнэн, бодит байдлаа хэлж байна. Иргэд бухимдаж байна. Шатахууны хомсдол айл өрхийн амьжиргаа, бизнест хүндрэл учруулж байна. Харин ч иргэд маань нөхцөл байдлыг ойлгож, өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн” гэдгийг хэллээ. 

viber image 2026 10 02 13 07 04 832

Засгийн газар бүх боломжоо дайчлан шатахуун татан авчирч, газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, хил, гааль, төмөр зам, тээврийн бүхий л үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байна. Гэтэл хэвийн олгохгүй, иргэдийг олон цагаар дугаарлуулан зовоож, талоноор өгнө эсвэл дараагийн ээлжийн хүн олгоно гэх мэтээр чирэгдүүлж байгааг Ерөнхий сайд шүүмжиллээ.

Шатахуун түгээх станц найман хошуутай байж хоёр хошуугаар нь л  олгож байна гэсэн иргэдийн шүүмжлэлийг аж ахуйн нэгжүүд хүлээн авч, станцуудаа бүрэн хүчин чадлаар ажиллуулах нь зүйтэй гэлээ. 

viber image 2026 10 02 13 07 04 774

Засгийн газрын олоод ирсэн шатахууныг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй олгоход төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж хэн хэн нь анхаарч, хамтран ажиллах  шаардлагатайг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд Засгийн газартай бүрэн ойлголцолд хүрч чадвал нэг удаагийн хуулийн төсөл УИХ-д оруулж,  тодорхой хугацаанд татаас өгч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Гааль, төмөр зам, нефть компаниуд, шатахуун түгээх станцуудаар байнга явж шалгаж, шаардлага тавьж буй иргэдтэй уулзан, орж ирсэн бензин аль аль компаниудад яаж хуваарилагдаж байгаа талаарх мэдээллийг үнэн зөв өгч ажиллахыг сайд Г.Дамдиннямд даалгаад АҮЭБЯ, ГТХЭГ зэрэг төрийн байгууллагын удирдлагууд ажлаа илүү оновчтой, шуурхай, нээлттэй зохион байгуулах учиртайг Ерөнхий сайд анхааруулав. Талон гэдэг цаасны хүнд суртал, бензин биш бичиг түрүүлж зардаг асуудлыг цэгцлэхийг Монополын эсрэг газарт үүрэг болгов. 

viber image 2026 10 02 13 07 05 059

Шуурхай штабын хуралд оролцсон аж ахуйн нэгжийн  төлөөлөл шатахуун тасрах вий гэсэн айдас “паник худалдан авалт” (Panic buying) үүсгэж байгааг, зарим компани талоноор шатахуун олгож буйг хэлж байлаа.  

2026 оны есдүгээр сард энгийн үеийн хэрэглээнд хүрэлцэхүйц буюу 64,573 тонн АИ-92 орж иржээ. Улсын хэмжээнд шок үүссэн үед нэг сарын АИ-92 хэрэглээ 75,000-80,000 тоннд хүрдэг байна. 

viber image 2026 10 02 13 07 04 802

2026 оны аравдугаар сард ОХУ-ын Роснефть компаниас 57,000 тонн АИ-92 автобензин, 94,300 тонн дизель түлш, 5,000 тонн онгоцны түлш, Нефтехимисервис компаниас 30,000 тонн энгийн дизель түлш, Газпромнефть компаниас 1,000 тонн  К5/Евро-5/ ангиллын  АИ-92 автобензин, 5,000 тонн К5/Евро-5/ ангиллын дизель түлш авахаар тохиролцсон. Бусад үйлдвэрээс 25,000 тонн энгийн дизель түлш, БНХАУ-аас 8,000 тонн К5/Евро-5/ АИ-92 автобензин, 1,000 тонн АИ-95 автобензин, 10,000 тонн К5/Евро-5/ дизель түлш, 1,000 тонн онгоцны түлш, БНСУ-аас 12,000 тонн К5/Евро-5/ Аи-92 автобензин худалдан авах урьдчилсан захиалга хийгджээ. 

viber image 2026 10 02 13 07 04 818

viber image 2026 10 02 13 04 31 332

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.