Ч.Лодойсамбуу: зохиомол хомсдол үүсгэж байна гэдэг чинь зах зээл, эдийн засгийг санаатай хорлон сүйтгэх “халдлага” биш үү?
Шатахууны хомстолын талаар ОХУ-аас монголд суугаа Элчин сайд байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрээр "зохиомлоор хомсдуулж байгаа ч юм билүү" гэх таамаг дэвшүүлсэн байдаг. Уг асуудал дээр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мөн дараах байр суурийг илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Долоо хоногийн өмнө “Сод Монгол” компанийн нэг ШТС бэлэн нөөцтэй мөртөө түгээхгүй хаачихсан байсныг нэг дарга нь өөрөө очиж шаардаж байж өгүүлж байх жишээтэй. Шатахууны “хомсдол”, урт дараалал яг ийм үйлдлээс л үүсч байгаа. Олны хөлийн газрын нэг ШТС “Шатахуун байхгүй ээ” гэж хэлээд ганц цаг хаахад л улс даяараа урт дараалал үүснэ. Яагаад?
1. Шатахуун тасалдаж байгаа мэдээлэл маш хурдан тархана. Шатахуунгүй болохоос өмнө банкаа дүүргэж авах эрэлт огцом үүснэ. Үүнийг “Panic buying” гэнэ.
2. Банкаа дүүргэх хүсэлтэй хүмүүсийн дараалал нэгэнт үүсчихвэл ШТС-уудын бэлэн нөөц жирийн үеийн төлөвлөгөөт хугацаанаас хамаагүй хурдан дуусч эхэлнэ. Ингээд ШТС нөөцөө цэнэглэх хурд нь түгээлтээ гүйцэхгүй болчихож байгаа юм.
3. Нэгэнт гаднаас орж ирж байгаа шатахуун тасалдаагүй тул удаан ч гэсэн нийлүүлсээр дараалал багасч эхэлнэ. Яг энэ үед нь дээрх шиг хэд гурав нь шалтгаангүй нэг цаг хаачихна. Ингээд дараалал дахиад өсч эхэлнэ. Нэг үүссэн дараалал яаж ч хурдаллаа гээд дор хаяж нэг сарын асуудал.
ОХУ-аас манай улсад суугаа Элчин сайд нь сүүлдээ өөрөө гайхаад гарч ирж ярилцлага өгч байна шүү дээ. “Манайх өөрсдөө хүнд байгаа ч Монгол руу нийлүүлэлтээ таслаагүй ээ. Танайхан улс төрийн зорилготой зохиомлоор хомсдуулаад байгаа юм биш үү” гээд.
Энэ хомсдлын үр дагавар хэмжээлшгүй. Өргөн хэрэглээний хүнсний үнэ хэдхэн сарын дотор 21%-аар өсөөд байна. Инфляци тогтмол 13%-тай. Үүний 45%-ыг хүнсний үнийн өсөлт эзэлж байгаа. Хүнсний үнийн өсөлтөд тээвэр, шатахууны үнэ онцгой нөлөөтэй.
Бид л бие биенээ хэмлээд бэлэн мөнгө тараана тараахгүй гээд муудалцаад байдаг. Гэтэл дарамт үүсгээд байгаа үнийн өсөлтийн энэ шокийг улстөрд нөлөөтэй нэг хоёр шатахуун импортлогч компани улстөрийн нөлөөгөө хадгалах зорилгоор үүсгээд байгаа бол яах вэ?
Нөөцтэй мөртлөө даргыг очиж загнатал өгөхгүй дараад суугаад байна гэдэг чинь зохиомол хомсдол үүсгэж байгаа хэрэг биш үү?
Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн дээр дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна гэдэг чинь зах зээл, эдийн засгийг санаатай хорлон сүйтгэх “халдлага” биш үү. Гэмт хэрэг биш үү?
Засгийн газар үүн дээр онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ яаарлтай авах хэрэгтэй. Баримт нь ил байна шүү дээ. Яагаад одоо болтол хариуцлага ярихгүй байгаа юм?
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.