“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан. Энэ хүрээнд өнөөдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.
Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна. Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.