“М.Билэгт гишүүний компанийн барьсан эмнэлгийг төрийн өмчид худалдан авах асуудлыг судалж байгаа”

1047

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлаа танилцуулан мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдрийн хурлаар нэг асуудал хэлэлцсэн. Томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хоёр асуудал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна гэж үзлээ.

Нэгдүгээрт, томуугийн вакцины хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Хоёрдугаарт, орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдийн орны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм байна.

Үүнтэй холбогдуулаад салбарын сайд товч мэдээлэл өгнө” гэв.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнгөрсөн долоо хоногт Томуу, томуу төст өвчний асуудлыг онцгой комиссоор хэлэлцсэн бол өнөөдөр бүлгийн хурал дээр бас хэлэлцлээ.

Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 8.4 хувийг эзэлж байна. Энэ нь 14 хоногийн өмнөхтэй харьцуулахад буурч байгаа үзүүлэлт. Гэхдээ тайвширч болохгүй. Шинэ жилийн дараа орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Цагаан сарын дараа бас нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн хоёр жил шалан дээр хүүхэд аваагүй. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд коридорт ор дэлгэн авч байсан. Ингээд нэмэлт зохицуулалт хийж Цэргийн госпиталд 74 ортой тасаг нээж, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн зарим хорооны хүүхдүүд үзүүлж байгаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн насанд хүрэгчдийн эмчилгээг Ачтан эмнэлэг рүү шилжүүлсэн. Энэ мэтчилэн зохион байгуултын ажил хийсэн байгаа.

Цаашид ингэж гал унтраасан байдлаар биш, томуугийн үед хүүхдэд хүрэлцээтэй ортой байя гэсэн саналаа онцгой комисс болон бүлэг дээрээ ярилаа. Ингээд бүлгээс 700-1,000 ортой хүүхдийн эмнэлэг барих төсвийг шийдвэрлэх, хүн амаа вакцинаар хангах төсвийг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргалаа.

ДЭМБ-аас хүн амын 40 хувийг вакцинжуулах шаардлагатай гэдэг ч манай улсын хувьд хүн амынхаа 0.3-0.6 хувиа вакцинжуулж байгаа. Бидэнд 1.4 сая хүн тун вакцинжуулахад 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй.

Вакцинжуулалт болон шинэ эмнэлгийн асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн барилга худалдан авах ажлыг судлах үүргийг ЭМЯ хүлээж байна” хэмээн ярилаа.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here