Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайлангаар 10.5 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар Аудитын дүгнэлт гарчээ.
Тэр дундаа Засгийн газрын 20 тусгай сангийн санхүүгийн тайлангаас 9 тусгай сангийн санхүүгийн тайланг түүвэрт хамруулж, 11 тусгай сангийн санхүүгийн тайланд дүгнэлт өгсөн байна.
Тухайлбал:
Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 35 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг төвлөрүүлээгүй байна.
Тогтворжуулалтын сан болон Ирээдүйн өв санд төвлөрүүлэх орлогын эх үүсвэрийг хуулийн дагуу сар бүр шинжлүүлээгүй.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан төсвийн орлогыг 19.6 тэрбум төгрөгөөр тасалсан байна. Мөн найдваргүй авлагын үлдэгдэл 107.4 тэрбум төгрөг, 0.5 тэрбум төгрөгийн зээлийг программд зөрүүтэй бүртгэсэн байна.
Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журамд заасантай нийцэхгүй төсөлд 0.1 тэрбум төгрөг олгосон, 0.1 тэрбум төгрөгийн гэрээний үүргийн биелэлт хангалтгүй.
Боловсролын зээлийн сан өмнөх онд олгогдоогүй гадаад, дотоодын их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж, тэтгэлгийн санхүүжилт 6 тэрбум төгрөгийг тайлант оны зардлаар бүртгэсэн, журамд тусгаагүй тэтгэлгийн төрөлд 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон гэх мэт ноцтой дүгнэлтүүд гаргажээ.
Тайланг бүрэн эхээр нь эндээс үзэх боломжтой.